Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь Орхон аймагт ажиллажээ. Түүнийг Орхон аймагт ажиллаж байгаатай холбогдуулан аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК хамтран зөвлөгөөн зохион байгуулж ИТХ-ын нэр бүхий 6 төлөөлөгч, иргэдийн хүсэлтээр “Усны үнэ” нэмэгдсэн асуудалд бодит тайлбар өглөө.
Айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усыг 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс шинэчилсэн тарифаар тооцон авч байгаа. Өмнөх жилүүдэд нэг литр усны үнэ 98 мөнгө байсан бол шинэчилсэн тарифаар нэг литр усыг 1 төгрөг 47 мөнгөөр тооцон хэрэглэгчид нийлүүлж байна. Хэрэглэгчид нэг литр усыг дамжуулан, түгээхэд гарах үйл ажиллагааны зардал 62 мөнгө харин бодит өртөг нь 77 мөнгө байгаа юм.
Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт ус, Дулаан түгээх сүлжээ” ОНӨХК хэрэглээний усны үнийг нэмсэн ч нэг литр усыг хэрэглэгчид түгээхэд 11 мөнгөний алдагдал хүлээж байгаа юм.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь хэлэхдээ “Монгол улсын 21 аймаг дотроос хамгийн холоос усаа олборлодог аймаг нь Орхон аймаг хэрнээ үнийн хувьд бусад аймгийн бодвол харьцангуй хямд байна. Манай байгууллага хэрэглээний цэвэр, бохир усны үнийг нэмэгдүүлэхдээ хараат бус зарчмаар, хамгийн бага өртгөөр тооцдог гэдгийг хэлмээр байна. Усны үнийг нэмэхдээ хэрэглэгчдээс авсан судалгаа чинь үнэнд нийцэхгүй байна гэх асуудлыг иргэд хэлж байна. Тэгвэл иргэдээс усны үнийг нэмэх үү? гэдэг судалгааг хэн, хэзээ ч авахгүй.
Харин усны үнэ хэдэн төгрөг байвал та төлөх боломжтой вэ? гэх байдлаар судалгаа хийгддэг. Гэхдээ хэн нэгэн байгууллагын хийсэн судалгааг үндэслэж усны үнийг нэмдэггүй. Өөр маш олон асуудлаас үүдэлтэйгээр үнэ нэмэгддэг. Намайг ажил авснаас хойш усны үнэ гурван удаа нэмэгдсэн. Зарим тохиолдолд усны үнэ нь хоёр дахин нэмэгдсэн аймгууд ч бий. Усны алдагдлаас үүдэлтэй танай аймаг өнөөдрийн байдлаар 11 тэрбум төгрөгийн өртэй байна. Цаашид “Эрдэнэт Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болоход ойрхон байна” гэлээ.
Түүнчлэн олон жилийн насжилттай шугам хоолойг засварлах, усны алдагдлыг бууруулах зайлшгүй шаардлага байгааг зөвлөгөөнд оролцогчид онцолж байлаа. Мөн “Эрдэнэт Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-иас иргэдийг мэдээллээр тогтмол хангах, иргэдэд олгодог төлбөрийн баримтыг ойлгомжтой болгох, ирэх зургаадугаар сарын нэгний өдрөөс өмнө бүх хэрэглэгчидтэйгээ холбогдон бодит байдлаа танилцуулж, асуудлыг шийдвэрлэх үүргийг аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат “Эрдэнэт Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д өглөө.
Усны үнэ нэмэгдсэн гэх асуудлыг аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулж хэлэлцэх юм.