Хүн төрөлхтний хамгийн адгийн зүйл эх орноо тонон дээрэмдэх явдал гэдэг. Саяхан Хотын дарга Д.Сумъяабазарын жиргээ олны анхаарлыг татлаа. Өнгөрсөн 11 дүгээр сард УИХ дээр төсвийн хэлэлцүүлэг ид өрнөх үеэр Ирээдүйн өв сангийн тухай хөндөгдсөн. Ирээдүйн өв сангийн мөнгийг ирэх оноос үрнэ гээд улсын төсөвтөө оруулаад ирэхэд уншсан, анзаарсан гишүүн байгаагүй.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “18 нас хүртлээ хүүхдийн мөнгөө огт аваагүй хүн 20 гаруй сая төгрөг хуримтлуулах боломжтой. Байгалийн баялаг ард түмэндээ хүрч байгаа хэлбэр нь хүүхдээрээ дамжъя гэж байгаа. Тиймээс Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулаад зөвхөн хүүхдийн мөнгө хуримтлуулахад зарцуулна” гэсэн юм. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлэхдээ тус сангийн нийт үлдэгдэл 2.4 их наяд. Энэ мөнгийг ямар ч тайлбараар зарцуулах ёсгүйг Сангийн сайд Б.Жавхланд сануулсан удаатай.
Байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд тэгш хүртээх үүднээс Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2016 оны хоёрдугаар сард батлуулсан. Хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус санд 2019 онд 500 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх бөгөөд 2020 онд 1.5 их наяд төгрөг цуглах учиртай гэж байсан. Хэрэв хуульд өөрчлөлт оруулахгүйгээр, байгалийн баялгийн орлогоо хуримтлуулж чадвал 2075 онд Ирээдүйн өв сан 175 тэрбум ам.долларын хуримтлалтай болохоор тооцож байв.
Эрдсийн орлогын тодорхой хэсгийг ирээдүй хойч үеийн ашиг тусын тулд гадаад хөрөнгөнд оруулан хуримтлал үүсгэхээр төлөвлөсөн Ирээдүйн өв сангийн тухай хуулийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж анх санаачлан батлуулсан. Хууль батлахдаа сангийн хөрөнгийг удирдахад хараат бус, ил тод байхаар суулгаж өгсөн. Тухайлбал,
Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, албан тушаалтнаас нөлөөлөхгүй, зааварчилгаа өгөхгүй байх;
Хуульд зааснаар сонгон шалгаруулах, томилох, гэрээ байгуулах ажиллагааг зохион байгуулахад төрийн байгууллага, албан тушаалтнаас аливаа хэлбэрээр нөлөөлөхгүй байхаас гадна Ирээдүйн өв санд хуримтлагдсан мөнгөөр дотоодын бус гадаадын төслүүдийг санхүүжүүлэх бөгөөд цэрэг, зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, тэдгээрийн худалдаа, хуулиар хориглосон бусад үйл ажиллагаанд хөрөнгө оруулахгүй гэж тусгайлан хуульчилжээ.
Гэтэл цар тахал, эдийн засгийн хямралаар далимдуулж Ирээдүйн өв сангийн мөнгөнд “гар дүрэх”-ээр болсон Энэ талаар тухайн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж фэйсбүүктээ байр сууриа илэрхийлэхдээ “Ирээдүйн өв санд хуримталсан хөрөнгийг зарцуулахаар төсөвт тусгажээ. Ирээдүйдээ өр биш өв үлдээх хуулиа ингэж зөрчиж болох уу!!!” гэсэн юм.