alim.mn | 2025.04.19
МИК дөрвөн жилийн хугацаанд 255 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан

Шадар сайд С.Амарсайхан Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, санал дүгнэлт гаргах ажлын хэсэгтэй уулзаж байна. Тус уулзалтад банкны төлөөлөл оролцсон юм.

Шадар сайд С.Амарсайхан: Засгийн газар иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх хариуг нь өгөх үүрэгтэй. Гэтэл ипотекийн санхүүжилтийн тогтолцоог унагаах гэж байна гэсэн арьсаа хамгаалсан буруу зөрүү мэдээлэл, ойлголтыг өгч эхэлсэн. Тухайлбал 6.2 их наяадын 5.6 их наяадыг гаргасан Засгийн газартай хамтарч ажиллахаас татгалзаж байна гэсэн буруу зөрүү ойлголтыг өгсөн. Манай Засгийн газар зохион байгуулалт тогтолцоог сайжруулахын төлөө ажиллана. Энэ системийг үгүйсгэж байгаа асуудал байхгүй. Энэ тогтолцоог нураах зорилго хэнд ч байхгүй. МИК-ийг анх банкууд нийлж байгуулж байсан гэж ойлгосон. Гэтэл нэгдмэл сонирхолтой этгээд 80 гаруй хувийг эзэмшдэг болсон байна. Ижил тэнцүү оролцоотой байсан банкнууд явцын дунд арчигдсан, хамгийн бага хувийг эзэмшиж буй нөхцөл байдал илэрсэн. Энэ бол ноцтой асуудал. Тогтолцоо яагаад ийм болж хувирав. МИК өмнө нь аудитын тайлангаа нийтэд ил тайлагнадаг байсан бол 2019 оноос хойш санхүүгийн тайлан тодорхой бус болсон. МИК-ийн 2014-2018 оны санхүүгийн тайланг үзэхэд найман хувийн зээлийн хүүгээс 740 тэрбум төгрөгийн орлого олсон байна. 360 тэрбум төгрөгийг Монголбанканд төлсөн. МИК 260 тэрбум төгрөгийн цэвэр орлоготой ажилласан. Дөрвөн жилийн хугацаанд 255 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Гэтэл олон нийтэд МИК ямар ч ашиггүй ажилладаг гэж буруу зөрүү ойлголт төрүүлж байна. Иймээс иргэдийн эрх ашиг, Засгийн газрын байр суурийг хамгаалах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн.


Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо: Барилгын салбарын бизнес эрхлэгчдийн 80 орчим хувь нь ипотекийн салбар руу бизнесээ түлхүү явуулдаг. Энэ жил хоёр их наяадын хөтөлбөрөөсөө 700 тэрбумыг гаргаж, 10 мянган айлын орон сууцны асуудлыг шийднэ гэж төлөвлөсөн. Гэтэл жилийн хасаг болж байхад буюу өнөөдрийн байдлаар 2000 орчим зээлдэгчийн асуудлыг шийдсэн байгаа. Өнгөрсөн онтой харьцуулахад өдийд 4000 зээлдэгчийн асуудлыг шийдсэн байх ёстой. Эх үүсвэр байхгүй учир ийм нөхцөл байдал үүссэн.

  Голомт банкны гүйцэтгэх захирал Д.Бадрал: 480 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6 хувийн зээл олгосон. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 131 тэрбум төгрөгийг олгосон бол манай банкны өөрийн эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн зээл олгосон.

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч: 2021 оны байдлаар манайх 315 тэрбум төгрөгийн зээлийг 3679 харилцагчид олгосон. Өнөөдрийн байдлаар банкин дээр 380 тэрбум төгрөгийн багцтай. Олголт хэвийн байгаа. Он гарснаас хойш буюу оны эхний гурван сарын байдлаар 22-23 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна.

Капитрон банкны гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар: Зээлийн олголт хэвийн явагдаж байна. Эхний гурван сарын байдлаар 8.5 тэрбум төгрөгийн зээл олголт хийгдсэн. Үүн дээр эх үүсвэрийн 40 хувь нь манай банкнаас үлдсэн 60 хувь нь Монголбанкнаас үлдсэн гарч байгаа. Ипотекийн зээлийн төлөлт хойшилсонтой холбоотойгоор эх үүсвэр мөн багассан.

Хаан банкны эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар: Хаан банк 2021 онд хамгийн их ипотекийн зээл олгосон. 116.8 тэрбум төгрөгийг Монголбанкнаас аваад өөрсдөө 76.1 тэрбумыг нэмээд зээл олгосон. Энэ үед эх үүсвэр сайн байсан учир дараалал буурч ирсэн. Он гараад эх үүсвэр буурсан байсан. Одоогийн байдлаар 20 тэрбум төгрөгийг авсан бөгөөд үүн дээр 13.4 тэрбум төгрөгийг нэмээд олгоод явж байна. Одоогийн байдлаар найман сар судалж олгох дараалал үүссэн" гэлээ.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ