Хоёр их наяд төгрөгөөр барилга барьчихаад хоосон хонох уу?
Улсын нэгдсэн төсвөөр 2 их наяд төгрөгөөр шилжих барилга, шинээр эхлэх 570 барилгыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь Монгол улсын нийт төсвийн таван хувь нь хөдөө сумдад барилга, нийслэлийн төвд соёлын амралтын хүрээлэн нэртэй байшин барьсан нэртэй үрэгдэнэ гэсэн үг. Ерөнхийлөгч Х.Баттулга “2019 онд нэгдсэн төсвөөр 2 их наяд төгрөгөөр шилжих барилга, шинээр эхлэх 570 барилгыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 959 тэрбум төгрөгөөр буюу бараг 100 хувь өсчээ. Энэ олон дарга нарын контор болон бусад барилгыг үнэхээр шаардлагатай бол хувийн хэвшлээс олон жилээр тогтвортой түрээсэлье. Түрээслэх нь ашигтай болох ганцхан жишээ дурдъя. Дорнод аймгийн Засаг Даргын Тамгын Газрын барилга барих ажил олон жилээр сунжирч төсөв нь өссөөр байгаад 6 тэрбум 541 сая төгрөгөөр дуусаж ашиглалтанд орох гэж байна. Өнөөдөр жилдээ 20 сая төгрөгөөр конторын байшин түрээсэлдэг. 327 жилийн түрээсийн мөнгөөрөө байшин барьдагаа энэ УИХ, энэ төсвөөсөө эхэлж цэг тавьцгаая” гэж уриалсан нь үнэхээр нүдээ олсон алхам. Гэвч энэ үгийг үл тоож, жил жилийн төсөв үрлэгэн, тэвчиж танаж болохоор зүйлд дэмий мөнгө зардаг нь нууц биш.
Ганцхан жишээ дурдахад БОАЖ-ын сайд Цэрэнбат нь “Их Монгол Улсын Эзэнт гүрэн” цогцолборын барилга Хэнтийн Биндэр суманд барихад 2 тэрбум, Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” цогцолборын барилга Хэнтийн Батноров суманд барихад зориулж 2 тэрбум, Дэлгэрэх гол төсөлд зориулж нэг тэрбум, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор барилга барихад бараг 4 тэрбум төгрөг зориулахаа зарлажээ. Сүүлийн үед жалга довны үзэл газар авч, нутгархах хандлага газар авч, дүүрэгжих өвчин гарч эхэлсний гай энэ. Тэрчлэн Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд цэцэрлэгт хүрээлэн барихад 400 сая төгрөг зарцуулна гэнэ. Сумын төвд цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг нийслэлээс сайд нь мөнгө төсөвлөж шийддэггүй байх. Тэрчлэн сумдад Соёлын Засаг даргын тамгын газрын байр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, Соёлын төв барихад зориулж, 850 саяас 2 тэрбум төгрөг зарж байна. Ингэж 2000 хүнтэй газар 1-2 тэрбум төгрөгөөр Засаг даргын тамгын газрын байр барьснаас түрээсэлсэн нь наанадаж иргэдийн ахуй амьдралд хэрэгтэй, цаанадаж төсвийн мөнгөнд хэмнэлттэй. Тэгээд ч сумын төвд байшин барих ажлыг тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, Засаг даргын ойрын ах дүүс барьсан нэрээр дундаас мөнгө унагаж, “цавчаа” хийж, аж амьдралаа дээшлүүлдэг нууц биш. 330 гаруй сум, 1000 гаруй баг дүүрэгт барьсан, барьж байгаа мянга мянган байшин, түүний ард явагдсан тендер, гүйцэтгэсэн компанийн тухай уудалбал, “Тунгалаг тамир” кинонд Итгэлт баяны хэлдэг “Энэ хошууны бузар булайг уудалбал далай, далай гэдэг” шиг юм гарна. Одоо коронавирусээс шалтгаалж жижиг дунд бизнес эрхлэгчид хүнд байдалд орж байна. Энэ оны төсвийг харж байхад тэвчиж болох 500 тэрбум төгрөгийн зардал байна гэж эдийн засагчид хэлж байна. Тэвчиж, танаж болох зардлаа танахгүй бол эдийн засаг элгээрээ хэвтэнэ гэдэг болох нь ээ...