Энэ жил олон аймаг түүхт тэгш ойгоо тэмдэглэнэ. Харин 80 жилийн ойгоо тэмдэглэх Сүхбаатар аймаг шиг хөл болж байгаа аймаг алга. Сүүлийн үед Сүхбаатар аймгийн гаралтай нөхдүүд хөшөөнөөс болж сайдаж муудалцаад байгаа нь олон нийтийн сүлжээнд нэвтэрсэн хэнд ч харагдана. Үнэхээр маргахаас аргагүй асуудал бололтой. Сүүлийн үед хөшөө дурсгал, суварга бунхнаас татгалзах санал гарч, соёлтой хүн ийм бизнест хөрөнгө зарахаас татгалзах болсон. Гэтэл Сүхбаатар аймгийн удирдлагууд 12 метр 4 давхар байшингийн хэмжээтэй Бурхны хөшөө аймагтаа босгоно гэх болжээ. Ингэхдээ зүгээр нэг барьсангүй, Дөрвөлж толгой дээр сүндэрлэх Алангуа эхийн хөшөөг сууринаас нь буулгаж, оронд нь барих гэнэ. Уулын буга хараад унасан морио хаяна гэдэг л энэ. Энэ Алунгуа эхийн хөшөөг одоогоос 15 жилийн "Цайрт минерал" компаний хандиваар барьжээ.
Энэ удаа ч мөн Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийнхөн энэ хөшөөг 2 тэрбумаар барьж өгөхөөр амласан гэнэ. Тиймээс Сүхбаатар аймгийн Засаг дарга, ИТХ хоёр хөөрцөглөн хуучин хөшөөгөө хураахдаа тулсан бололтой. Уг хөшөөг барьсан уран барималч нь амьд сэрүүн байхад ийм шийдвэр гаргана гэдэг аймшигтай. Уран бүтээл, уран бүтээлчийг үнэлэх байтугай хүнлэг ёсны өчүүхэн ч сэтгэлгүй хүмүүсээс л ийм үйлдэл гарах биз ээ. Юутай ч хөшөө барих "мода"-наас гарсан. Хотод Богд Зонхавын сэрэг дүрийг бүтээнэ гэж төсөвт суулгасныг улсаараа эсэргүүцэж унагасан нь саяхан. Харин Сүхбаатар аймгийн удирдлагууд 12 давхар, 4 давхар байшингаас өндөр хөшөө босгоно, ирсэн хүмүүс зураг хөргөө авахуулна гэж яваа нь хачирхалтай. Тэрчлэн энэ хөшөөнд зориулж Сүхбаатар аймгийн сум болгоны нутгийн зөвлөл 100 сая төгрөг хандивла гэжээ.
Хөшөө баригдах газар шийдэгдээгүй байхад хөрөнгө нь 70 хувь бүрдсэн гэнэ. Ингэж хөшөөнд мөнгө хандивлаж байгаа нь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн даргын нэр нөлөөтэй холбоотой. Учир нь төрийн тэргүүний төрсөн дүү У.Отгонбаяр тус аймгийн нутгийн зөвлөийн даргаар ажилладаг.