Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох бичиг баримт болоод хүнсний талон авдаг өрхөд хяналт шалгалт хийжээ.
Aяныг зохион байгуулснаар 3700 гаруй зөрчил илрүүлж, 56 мянган иргэнийг хүнсний талоноос хассан байна.
Хүнсний талоны гол зорилго нь амьжиргааны баталгаажих түвшнээс бага орлоготой өдөр тутмын хоол хүнсний хэрэгцээгээ хангаж чадахгүй зорилтот бүлгийн хүмүүст олгох зорилготой. Гэтэл хүнсний талоныг маш олон хүнд олгосон тоон баримт байна. Тиймээс энэ асуудлыг засч залруулах тал дээр холбогдох яамнаас анхаарч ажиллаж байгаа аж.
Хөдөлмөр эрхлэх чадвартай хөдөлмөрийн насны амжиргааны боломжтой хүмүүсийг нийгмийн сангийн дэмжлэгээс хасах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Хүнс, тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт оруулж амьжиргааны түвшинг тодорхойлох дата мэдээлэлд үндэслэж хасалт хийсэн байна.
Тухайлбал, 200-гаас дээш толгой малтай, олон машинтай, орон сууцтай зэрэг 56 мянган иргэнийг хасчээ.
Тодруулбал, гуравдугаар сарын эхний улиралд 9000 өрхийн 50 мянга гаруй иргэнд хасалт хийжээ. Мөн иргэд сайн дураараа хүнсний талоноос татгалзаж байна. Үүнээс хэмнэсэн хөрөнгө нь жилд дунджаар таван тэрбум орчим төгрөг болж байгаа юм. Энэ мөнгийг зорилтот бүлэг рүү бусад хөтөлбөрт зарцуулах боломж бүрдэж эхэлжээ. Мөн хуурамч материал бүрдүүлж группд орсон 2000 хүнийг хассан байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг шинэчлэн батлуулж, комиссын бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилсэн. Мөн бусад холбогдох журам, заавар, өвчний жагсаалтыг 2021 онд нэг бүрчлэн шинэчлэн баталж, мөрдүүлж байгаа аж. ХНХЯ-наас Хөдөлмөрийн чадвар алдалтыг улсын хэмжээнд шалгах ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, АТГ, цагдаагийн газар, ЭХМТК-той хамтран 2021 онд зохион байгуулсан.
Шалгалтаар 66 мянган хүнийг шалгаж, 3700 гаруй зөрчил илрүүлэн, 2000 хүний шийдвэрийг цуцалж, тэтгэврийн сангийн зардлыг 17 тэрбум төгрөгөөр хэмнэжээ.
Энэ ажлын үр дүнд улсын хэмжээнд 2020 оны байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо 110.4 мянга буюу нийт хүн амын 3.4 хувь эзэлж байсан бол 2021 оны эцэст 105.6 мянга буюу 5000-аар буурч, нийт хүн амд эзлэх хувь 3.2 болжээ.