ЛЮМПЭН–ЭЛИТ
Өнөөгийн ертөнцөд хамгийн сайн засаглал бол ардчилсан засаглал гэдэгтэй маргаж мэтгэхээ нэгэнт больжээ. Харин ардчилсан засаглалын согогтой талууд янз бүрийн улсад янз бүрээр илэрдэг бөгөөд энэ үед түүнийг засах хамгийн сайн арга бол улам илүү ардчилах л хэрэгтэй гэдэг. Ардчиллын хамгийн согогтой тал нь засаглалын оройд бусдаас гоц ялгараад байх юмгүй, оюуны чадавхи төдийлөн сайн биш хүмүүс гараад ирдэгт байгаа юм. Ийм хүмүүс удирдлагад гарч нийгмийн анхаарал хараанд өртөөд сул талууд нь илрээд ирэхээр ард түмний дургүйцлийг төрүүлдэг. Цаашаа даамжирахаараа ард түмний эсэргүүцэл тэмцэлд хүргэдэг. Эцсийн дүнд ардчиллын дотоод механизм ажиллаж гаргасан алдаа согогоо засна, эсвэл “хүчтэй” “чадалтай” нэгний дарангуйлалд орно. Өөрөөр хэлбэл улам илүү ардчилахын төлөө явна эсвэл ардчиллаас ухарна гэсэн үг. Өнөөдөр бид яг ийм сонголтын зааг дээр ирээд байгаа санагдана.
Хүмүүс хоорондоо зөвхөн царай зүс, овог нэрээрээ ялгагддаггүй. Бие биенээсээ ялгарах маш олон зүйл байх авч нийгмийн үүднээс хүмүүсийг элит ба масс хэмээн хоёр хэсэгт хуваан үзэх нь бий. Бусдаас гоц гойд ялгарах юмгүй, байгаагаараа л байя гэх маягтай хүлцэнгүй хандагч хэсгийг масс хэмээнэ. Массад хамаарагч хүмүүсийн хувьд хувийн амьдрал нь хамгийн чухал. Нийгмийн асуудалд энэ л үүднээс хандана. Бусдын сайн муу тэдэнд падгүй. Энэ үүднээс массыг удирдаж, залж, чиглүүлж болдог. Харин элит хэсэг зөвхөн өөрийгөө тордох бус нийтийн ашиг тусын тулд өөртөө шаардлага тавьж, өөрийгөө хөгжүүлж, тухайн нийгэмдээ зөв зүйтэй дэг ёс тогтоохыг эрмэлздэг. Нийгмийн дийлэнх хэсгийг масс эзэлдэг учир массад бий болсон итгэл үнэмшил хувь хүмүүст асар хүчтэй дарамт учруулдаг. Энэ дарамт ямар ч хуулиас илүү хүчтэй. Иймд элитийн үүрэг бол массад зөв зүйтэй итгэл үнэмшлийг шингээхэд оршино. Гассет “Би гэдэг бол зөвхөн би өөрөө биш бас миний орчин юм” гээд “Нийгмийг сайн сайхан болгохын төлөө байна гэдэг өөрийгөө л бүтээж байгаа хэрэг юм” гэж бичжээ. Зөв нийгэмд оюуны хүчтэй элит зайлшгүй хэрэгтэй. Чухам энэ элит л тухайн нийгэм дэх зөв зүйтэй үнэлэмжүүдийг тогтоож, нийтийн ашиг сонирхолд нийцсэн зорилго чигийг зааж өгдөг. Элитийн удирдлагагүй массын үйл хөдлөл ямар ч аюулд хүргэж болзошгүй. Өөртөө л болж байвал болоо гэсэн массын сэтгэхүй түүнийг эрхэм зорилгогүй болгоод зогсохгүй ялгарах торойх гэсэн болгоныг үзэн ядахад хүргэдэг. Чухам энд л ардчиллын сул тал оршиж байгаа юм. Масс өөрийн үзэл бодол, амьдралын хэв маягийг тийм л байх ёстой гээд итгэчихсэн тэгээд түүнийгээ нийтэд тулган хүлээлгэхийг хичээдэг. Улс төрчид массад таалагдаж тэдний саналыг авахын тулд тэдэнд таалагдсан үзэл бодлыг илэрхийлж, тэдэнтэй өөрийгөө адилтгахыг оролддог. Ийм тохиолдолд яг л тэдэнтэй адил хүн, эсвэл тэгж жүжиглэж чаддаг хүн сонгогдох магадлал өндөртэй бөгөөд улмаар ардчилсан засаглалын оройд массын сэтгэхүйтэй популист хүмүүс олноороо гарч ирдэг. Тийм хүмүүс нийгмийн менежмент хийж чадахгүй бөгөөд улмаар олон түмний дургүйцлийг төрүүлдэг.
Роберт А.Хэйнлэйн “Ихэнх хүмүүс сэтгэх чадваргүй. Үлдсэн цөөнхийн ихэнх нь сэтгэхийг хүсдэггүй. Цаана нь үлдэж байгаа цөөн хэсгийн ихэнх нь сэтгэсэн ч зөв сэтгэдэггүй. Үлдэж буй өчүүхэн хэсэг нь өөрийгөө хууралгүй, байнга, өгөөжтэй, бүтээлч сэтгэдэг. Тэр хүмүүс л алсдаа үнэлэгддэг” хэмээсэн нь бас л масс ба элит гэдгийг тодорхойлж буй нэг хэлбэр гэж болно. Яавал дээр өгүүлсэн тэр өчүүхэн хэсгийг олж дэмжиж гаргаж ирэх вэ гэдэг асуудал өөрөөсөө гадна нийгмээ гэж боддог хүмүүсийн бодох санах зүйл болоод байна. Уул нь элитийг л төрүүлэх санаатай сонгууль хийгээд л байдаг, хийгээд л байдаг, үр дүнд нь бусдаас гоц гойд ялгарах юмгүй хүмүүс гарч ирчихээд чааваасаараа дуудуулаад л яваад байдаг. Энэ л өнөөгийн манай нийгмийн зовлон болж байна.
Польшийн эрдэмтэн, социологич Анна Павелчиньска “Гидрийн толгойнууд” /гидра гэж нэг толгойгий нь цавчаад хаячихаар олон болж ургаад байдаг үлгэр домгийн олон толгойтой могойг хэлдэг/ нэртэй бүтээлдээ нэгэн сонирхолтой дүгнэлт хийсэн байна. Тэрээр “Өнөөдөр манай улсад засгийн эрхийг ЛЮМПЭН – ЭЛИТҮҮД барьж байна” хэмээгээд чухам хэнийг люмпэн-элит гээд байгаагаа дараах байдлаар тодорхойлжээ. Коммунист тогтолцоо нуран унасны дараа цоо шинээр “элит” хэмээн өөрсдийгөө тодотгосон улс төр–мөнгөний бүлэг бүрэлдэн бий болсон бөгөөд энэ бүлгийн нийтлэг шинж төрхийг судлахад “элит” хэмээх уламжлалт ойлголттой огт авцалдахгүй харин түүхэнд “люмпэн-пролетар” хэмээн цоллуулж ирсэн нийгмийн давхаргатай нэн төстэйг олж харжээ. Тэгээд тэр бүлгийг уламжлалт “элит” гэдэг ойлголтоос ялгаж салгах үүднээс “люмпэн – элит” хэмээн нэрлэвэл зүйд нийцнэ гэжээ. Люмпэн-элитийн люмпен-пролетараасаа ялгагдах тал нь гэвэл материаллаг байдал, соёллог төрх. Өөрөөр хэлбэл люмпэн-элит мөнгөтэй хөрөнгөтэй, тэр хэрээр гаднаас харахад их л соёлжсон шинжтэй байдаг. Тэдний гол имиж нь гадаад төрх, эдэлж хэрэглэж буй байдал. Бусдаараа бол яг л люмпэн-пролетар гэсэн үг. Ариун ёс, уламжлал, түүх, нийгмийн үнэт зүйл, эрхэм зорилго тэр ч байтугай хууль ч тэдэнд падгүй. Зөв-буруу, сайн-муу, үнэн-худлын тухай ойлголт тэдэнд үйлчилдэггүй. Ихэвчлэн хууль ёсны зааг дээр, эсвэл хуулиас гадуур амьдарна. Эх орон, эх оронч үзэл гэдэг тэдний хувьд зүгээр л инээдэмтэй хоосон үг. Юу ч сүйтгэж, юу ч хийж мэдэх хүмүүс. Ийм л яахаас ч буцахгүй сүйтгэгчдийг дарангуйлагчид зэвсгээ болгон ашиглаж ирсэн нь түүх. Өнөөдөр улс төр мөнгөний мафи маягтай люмпэн-элитээс бүрдсэн бүлгүүд намаар дамжуулан засгийн эрхийг авчихаад байна. Хааяа хааяа элдэв дуулиант хэрэг гарахаар аль бүлэг нь аль бүлгийнхээ эсрэг ажиллаж байгааг олж харж болдог. Үүнийг анзаарахад нэг их нарийн ширийн юм мэддэг байх шаардлагагүй. Профессор Павелчиньска ингэж дүгнэж байна. Танил сонсогдож байгаа байгаа биз.
А.ГАНБААТАР
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ