alim.mn | 2024.12.23
ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ЭРЭЛД БА ФРАНЦ
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 111 жилийн ойд.
1911 онд Монголчууд Манжийн эрхшээлээс гарч, туурга тусгаар улс болсноо тунхаглан зарласан бөгөөд шинэ тулгар Монгол Улс тусгаар тогтнолоо олон улсын тавцан дээр хүлээн зөвшөөрүүлэх явдал нэн чухал зорилт байсан юм. Тухайн үед Монгол Улсын хувьд аугаа их байлдан дагуулал, баатарлаг үүх түүхтэй, өргөн уудам газар нутагтай, байгалийн баялаг нь судлагдаагүй, ашиглагдаагүй арвин баялаг нөөц ихтэй, газар нутгийн байршлын хувьд цэрэг, стратегийн чухал түшиц газар байсан зэрэг олон давуу тал бүхий Ази тивийн томоохон улсын тоонд яалтгүй орж ирж байлаа. Тиймийн тулд, дэлхийн нөлөө бүхий улс орнууд Монгол Улсын тусгаар тогтнолын асуудлыг анхааралтай ажиглаж, ямар нэгэн байр суурь илэрхийлэхдээ өөр өөрсдийн холбоотон, түнш улсуудынхаа ашиг сонирхлын үүднээс хандаж байсан юм.
Тухайлбал, Монголд өрнөж байгаа үйл явцыг тухайн үеийн Европын томоохон гүрнүүд нилээд нухацтай ажиглаж, байнга анхааралтай хандаж байсны нэг нь Франц улс юм.
ФРАНЦ, МОНГОЛ, ОРОСЫН ХАРИЛЦАА…
Франц, Монголын Их хаадын эртний уламжлалт харилцаа улиран мартагдаж, ХХ зууны эхэн үед францын ганц нэг аялагч, дамжин өнгөрөх лам нарыг эс тооцвол хоёр орны хооронд холбоо харилцаа бараг байхгүй болсон гэж хэлж болохоор байлаа.
Тухайн үед Франц улсын хувьд Хаант Оростой найрсаг харилцаатай, эдийн засаг, улс төрийн хувьд нягт уялдаатай хамтарч байжээ. Тухайлбал, 1895 онд Петербургт Орос, Хятадын банк байгуулагдсаны гол хувь нийлүүлэгч нь “Золоторосс” хэмээх алтны үйлдвэр байсан бөгөөд энэ үйлдвэрийн хөрөнгийн 40 хувийг Франц эзэмшиж байсан юм. Мөн 1900 онд Чин улсын гадаад хэргийн өндөр албан тушаалтан Ли Хун Жаны хувийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Оросын иргэн В.Ю.фон Грот гэгч Монголд “Монгол-ор” (Монгол алт) уурхайг нээсэн байна. Уг уурхайд мөн л Франц нилээд их хөрөнгө оруулалт хийж, өндөр хувь эзэмшиж байжээ. Монгол- ор уурхай нь 1900- 1919 он хүртэл монголд уул уурхайн үйл ажиллагаа явуулсан бөгөөд олборлосон алтыг Петербург, Гамбург, Амстердам, Парис хотруу аваачиж борлуулдаг байжээ. Үүнээс харахад, Монгол Францын хооронд улс төр, эдийн засгийн шууд харилцаа байхгүй ч дам байдлаар холбоотой байсан байна.
МОНГОЛЫН ТУХАЙ ОРОС, ФРАНЦЫН НОТ БИЧИГ…
Ингээд, Монголд хувьсгал өрнөж, тусгаар тогтнолын төлөө тэмцэл өрнүүлж байгаа үед буюу 1911 оны 11 сарын эхээр Хаант Орос улс Монголд үүссэн нөхцөл байдлын талаар Франц улстай харилцан санал солилцсон бөгөөд Парист сууж байсан Оросын элчин сайд Исловский Францын Гадаад явдлын яамны сайд Орсайд ноот бичиг гардуулжээ.
Уг бичигт: “Монгол, Манжуур болон Хятадын Шиньжаан дахь Оросын сонирхолд Хятадын Засгийн газар алив нэгэн саад хийх гэсэн оролдлогод Франц ямар ч дэмжлэг үзүүлэхгүй гэдэгт итгэж байна” гэжээ.
Францын хувьд Хаант Оростой улс төр, эдийн засгийн найрамдалт хамтын ажиллагаатай улс учир 1911 оны 12 сарын сүүлчээр Хаант Оросын Гадаад яаманд Петербург дэх Францын элчин сайд: “Оросын Засгийн газрын байр суурь надад ойлгомжтой байна. Учир нь түүний анхаарлыг өөр бусад чухал асуудлууд татаж байгаа болохоор Монгол руу уулгалах бодлого явуулахгүй байх гэж найдаж байна” гэж хариулжээ. Ийнхүү Франц улс Монголын талаар явуулах бодлого нь Оросын талыг баримтлана гэдгээ тодорхой илэрхийлсэн байна.
Улмаар 1912 оны эхээр Францын ГЯЯ-ны сайд де Сельве Умард Манжуур ба Монголын аль нэгэнд, түүнчлэн Хятадын Туркестан (Шиньжаан) дахь Хаант Оросын эрх ашиг, сонирхлыг баталгаажуулахад дэмжлэг үзүүлэхээ албан ёсоор мэдэгдэж “энэ талаар бидний тогтмол явуулж ирсэн бодлого ирээдүйд манай холбоотны сонирхож буй энэ районд бидний явуулах бодлогын тод илэрхийлэл юм” гэжээ. Өөрөөр хэлбэл, Франц улс Монголын асуудалд шууд утгаараа Оросын эрх ашгийг харгалзан үзнэ гэдгээ илэрхийлсэн байна.
ЕРӨНХИЙ САЙДЫН ФРАНЦРУУ ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ…
Ийнхүү, дэлхийн улс орнууд монголд үүссэн улс төрийн шинэ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байх үед Монголчууд 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Манж Чин улсын эрхшээлээс ангижирч чадсан юм. Улмаар 1912 оны 10 сарын 29-нд Ерөнхий сайд Т.Намсансүрэнгийн тэргүүлсэн Засгийн газраас Франц болон Бельги, Англи, Япон, Герман, Америк, Дани, Голланд, Орос зэрэг нийт 9 улс орон руу Богд хааны тамгатай тусгаар тогтнолоо тунхагласнаа зарласан албан захидал илгээсэн байдаг. Францын Засгийн газарт илгээсэн бичигт: “Их Фа (Франц) улсын Гадаад хэргийн Явдлын яамнаа мэдтүгэй хэмээн явуулаад уламжлан эрхэм засгийн хэрэг шийтгэх газар нэвтрүүлэн буцаан үзэн хэлэлцээд гэрээ байгуулан худалдаа нэвтрүүлж улсын найрамдлыг зузаатгана уу” хэмээн илгээжээ.
ФРАНЦРУУ ИЛГЭЭСЭН АНХНЫ ЗАХИДАЛ ХИЙГЭЭД ХААНТ ОРОСЫН СААД…
Монгол Улсын Гадаад явдлын яамны сайд Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид 1912 оны сүүлч 1913 оны эхээр Орос улсад хоёр сар гаруй айлчлахдаа Франц, Англи зэрэг улсын Петербург дахь Элчин сайдуудтай уулзаж, тэдгээр орнуудад айлчлал хийх хүсэлтэй байсан хэдий ч Хаант Орос ямар нэг байдлаар саад хийсээр байв.
Монголын төлөөлөгчид 1912 оны 10 сарын 29-ны дээрх ноот бичгийг Францын элчин сайдад гардуулах гэсэн боловч Францын элчин сайд бие өвчтэй гэсэн шалтгаанаар тэднийг хүлээж авч биеэр уулзаагүй байна. Харин уг бичгийг Францын дэд консул А.Бодар 1912 оны 11 сарын 26-нд Бээжин дэх Консулын газраа илгээж, тэндээс Францын ГЯЯ-нд илгээжээ. Гэвч Франц улс уг бичигт хариу өгөөгүй юм. Учир нь Франц улс Монголын асуудлаар Оросын эрх ашгийг харгалзан хүндэтгэнэ гэж тохиролцсон учир Хаант Оросын Монгол дахь нөлөөллийн санаархлыг битүүхэндээ дэмжиж байжээ.
Тиймээс Монголтой шууд найрамдалт харилцаа тогтоож, худалдааны гэрээ байгуулах нь зохимжгүй гэж үзсэн болтой байна. Ямартай ч, энэ бичиг илгээсэн нь шинэ цагийн Монгол улсын хувьд Франц улстай холбоо тогтоох гэсэн албан ёсны АНХНЫ албан захиа байсан юм.
ЕРӨНХИЙ САЙДЫН ЦУЦАШГҮЙ ОРОЛДЛОГО…
Францын талаас албан ёсоор хариу аваагүй ч Монголын Засгийн газар Франц ба Европын бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, улс төр, эдийн засгийн түнш болох “гуравдагч хөрш”-ийг эрэлхийлсэн бодлогоо тууштай үргэлжлүүлсээр байсан юм. 1913 оны эцсээр Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй монголын төлөөлөгчид Петербургт айлчлахдаа Франц ба бусад гүрнүүдтэй холбоо тогтоох, боломж гарвал элчин төлөөлөгчидтэй нь уулзаж, хамтын ажиллагааны санал тавих зорилготой байжээ.
ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИДАЛ…
Тиймээс Ерөнхий сайд Т.Намнансүрэн Францын элчин сайдад илгээсэн албан бичигтээ: “Монгол улсын Эзэн хааны зарлигаар зарсан бүрэн эрх барих элчин сайд Сайн ноён хан На нарын бичиг. Орос улсын Нийслэл Петрбургт суугаа Фа (Франц), Ин, Мэй, Жибэн, Дэ, Итали, Ау (Aвстрали), Турц(Турк), Хэлан (Голланд), Дани улсын эрхэм элчин сайд танаа илгээв. Мэдтгүгэй хэмээн явуулах учир эдүгээ манай Монгол улсын Хаан эзэн ба Засгийн газраас зааж ирснийг дагаж танай эрхэм засгийн газар мэдэгдэх нь манай монголчууд мөнөөхөн тусгаар хавсран захирч явсан манжийн хааныг мөхөхийн чацуу өөрийн язгуур үндсийг нэгтгэн хэдийнээс тогтсоор ирсэн ёс суртал ба газар нутгийг бүрэн бүтэн болгон батлан сахихыг хүсч бусдад огт үл захирагдах явдлыг тунхаглан зарлаад монгол өөртөө улс болон тогтносныг найртай сайн Их Орос улс зөвшөөрөн хүлээж... Хятад, Орос хоёр улсын дээр тодорхойлсон манай Монгол улсын хэргүүдэд оролцохгүй Монгол улсын газар цэрэг илгээхгүй ба суулгахгүй ямарч цэргийн ба төрийн эрх баригчдыг суулгахгүй бас манай газар нүүдлийн хүнийг нутаглуулахгүй хэмээсэн...үүнийг эрхэм сайд танаа найртай сайныг хүндэтгэх сэтгэлийг илтгэж мэдтүгэй хэмээн явуулаад олдвоос уламжлан эрхэм улсын засгийн газар нэвтрүүлэн явуулах ажаамуу” гэжээ.
Энэ бол Монгол улсын Засгийн газраас Франц улс руу илгээсэн ХОЁР ДАХЬ албан захиа байсан юм.
ФРАНЦЫН ЭЛЧИН САЙД МОНГОЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАВ…
Энэ удаа Францын Элчин сайдын яам Монголын төлөөлөгчдийг хүлээж авсан бөгөөд Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн илгээсэн баримт бичгийг хүлээж авснаа нотолсон бичиг хийж 1913 оны 12 сарын 22-нд өгчээ.
Уг бичигт: “Санкт Петербургт суугаа Бүгд Найрамдах Франц улсын элчин сайдын яам өөрийнхөө хүндэтгэлийг эрхэм ноён Монголын сайд нарын зөвлөлийн даргад илэрхийлэхийн хамтад түүнээс ирүүлсэн санамж бичиг авсныг нотолж байна” гэжээ. Гэвч Францын тал Намнансүрэнгийн бичгийг хүлээж авснаа илэрхийлсэн ч Монголын асуудлаар төвийг сахисан, Оросын эрх ашгийг харгалзан үзэж байсан тул энэ удаа мөн л албан захианд тодорхой хариу өгөөгүй юм. Ингэж хариу өгөөгүйд Хаант Орос шууд нөлөөлсөн нь ч илт юм.
ХААНТ ОРОСЫН ЗЭМЛЭЛД БУУЖ ӨГӨӨГҮЙ ЦУЦАШГҮЙ ОРОЛДЛОГО…
Учир нь Ерөнхий сайд Т.Намнансүрэн Хаант Орост айлчилж байхдаа энэ мэт өрнөдийн орнуудтай харилцаа тогтоох гэж шургуу оролдлого хийж байгааг Оросын тал зэмлэж, “танай Монгол энэ хэр гадаадтай найрамдах цаг болоогүй”, тэд “үл учирваас...ичгүүр болно” хэмээн түүний зорилгод шууд саад болж байсан юм.
Гэвч Ерөнхий сайд Т.Намнансүрэн бууж өгөөгүй юм. Хэдийгээр Оросын тал бусад улс орнуудтай холбоо тогтоох гэсэн оролдлогод саад хийж байсан ч Намнансүрэн идэвхитэй хүчин чармайлт гаргаж Орост айлчилж байхдаа өрнөдийн улс орнуудтай нууцаар уулзалт хийж, санал солилцож байсан баримт хэд хэд тэмдэглэгдэн үлджээ.
Тухайлбал, Сайн ноён хан Намнансүрэнгээс 1914 оны 1 сарын 2-нд Нийслэл Хүрээнд явуулсан нууц цахилгаанд, “Жибин (Япон) лүгээ бага сага хэлэлцэж буй бүтэх эсэхийг мэдэхгүй. Фа (Франц) улсын банкны нэгэн хүн лүгээ 10 саяыг 33 жилийн хугацаатай, зуны Хүрээнд хэлэлцэж байсан мэтээр хэлэлцэж буй. Бүтэх янзтай тул хэрхэх болов. Ялангуяа энэхүү Жибин улс, Фа улс хоёрын хэргийг ер задруулж үл болно” гэж бичжээ. Энэ бичгээс харахад Намнансүрэн улсынхаа эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг сэргээхийн тулд зөвхөн Хаант Орос улсаас зээл тусламж, санхүүгийн дэмжлэг авахаас гадна өөр бусад гарц боломжуудыг эрэлхийлж байсныг харуулж байна.
Франц улсын банкны төлөөлөгчийн хувьд Сайн ноён хан Намнансүрэн нууцаар хэлэлцсэний эцэст 1914 оны 1 сарын 6-нд тамга дарсан батлах бичиг өгсөн байна. Батлах бичигт “манай Монгол улсын Засгийн газраа хэрэглэх арван сая цаас зээлэн авахад Франц улсын Барунабанудэгийм-д олох ба хэлэлцэхийн эрхийг өгсөн үнэн. Энэхүү арван сая цаасыг 33 жил 4 сарын хугацаагаар төлөн дуусгахад жил бүр эхээс 30 түмийг төлнө. Хүүгээс анх жил 55 түмийг өгнө. Үүнээс хойш үлдсэн эхэд хүү бодож төлсөөр эцсийн жил эх хүүг хамтаар төлөөд дуусгана. Хүү тав хугас болно. Үүнд, Монгол газрын бүх шар үхэр, гаргах гааль энэ хоёр зүйлээр тулгуурлана” гэжээ. Гэвч энэ зээл бүтээгүй юм. Яагаад энэ зээл бүтэлгүйтсэнд эрдэмтэд одоо болтол бодитой үнэлэлт, дүгнэлт өгөөгүй ч үүнд Хаант Оросын талын нөлөө орсон нь хэнд ч ойлгомжтой байна.
Ерөнхий сайдын энэ айлчлалаар гадаад бусад улс орнуудтай харилцаа тогтоох гэсэн зорилго нь тодорхой үр дүнд хүрч чадаагүй ч 1914 оны эхээр эх орондоо буцаж ирснээс хойш ч Хаант Оросын элдэв саад тотгорыг үл харгалзан Бээжингээр дамжуулан бусад гадаад орнуудтай холбоо тогтоох оролдлогоо үргэлжлүүлсээр байжээ.
БЭЭЖИНГЭЭР ДАМЖУУЛАН ФРАНЦАД ИЛГЭЭСЭН ГУРАВДАХ ЗАХИДАЛ…
Ингээд, 1914 оны хавар Т.Намнансүрэнгийн Засгийн газраас Франц улс руу Бээжингээр дамжуулан албан захиа илгээжээ. 1914 оны 6 дугаар сарын 2-нд Бээжин хот дахь Францын ЭСЯ Монгол улсын Гадаад яамнаас албан ёсны ноот бичиг хүрч ирснийг хүлээн авсан ажээ. Францын элчин сайдад хүргүүлсэн эл бичигт Монгол орон тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, Оростой гэрээ байгуулсан тухай дурдаад энэ мэтчилэнгээр Францтай гэрээ байгуулж элчин сайд солилцохыг хүссэн ажээ. Ийм утга агуулга бүхий захидлуудыг Намнансүрэнгийн Засгийн газар Бээжинд суугаа Англи, Франц, Герман, АНУ-ын элчин сайдуудад нэгэн адил явуулсан байна. Энэ бол Монгол Улсын Засгийн газраас Франц улстай холбоо тогтоох гэсэн албан ёсны ГУРАВДАХ захидал байсан юм.
ХААНТ ОРОСЫН ХИЙСЭН ГУРАВДАХ СААД…
Францын элчин сайд Конти уг захидлыг хүлээн авсныхаа дараа хэрхэх тухай Бээжин дэх Хаант Оросын хэргийг түр хамаарагч Граветай санал солилцсон байдаг. Оросын Гадаад яамны дэд сайд А.А. Нератов 1914 оны 6 дугаар сарын 4-нд Бээжин дэх түр хамаарагчдаа чухам ямар хариуг Францын элчин сайдад өгвөл зохих тухай зааварлахдаа мөн л өмнөх шиг Монголын Засгийн газарт ямар нэг хариу өгөхөөс татгалзахыг Францын элчин сайд Контид зөвлөхийн хамт, ер нь Франц улс бол Монголтой хуурай газраар хил нийлээгүй тул худалдааны харилцаа тогтоохын хэрэггүй биз гэдгийг цохож хэлтүгэй хэмээжээ. Хаант Орос улсын хэргийг түр хамаарагч Граве Петербургээс хүлээн авсан зааврын дагуу Францын элчин сайдтай ярилцаад төвдөө мэдэгдэхдээ, Францын элчин сайд Конти Оросын бодлогыг өөрийн засгийн газарт дамжуулахыг амлав гэжээ.
ФРАНЦЫН ЭЛЧИН САЙД ГАДААД ХЭРГИЙН САЙДДАА ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ…
Хятадад суугаа Францын элчин сайд Конти Гадаад хэргийн яамны сайддаа 6 дугаар сарын 5-нд илгээсэн захидалдаа: “...манай Төлөөлөгчийн газарт саяхан Монголын засгийн газраас гаргасан нэгэн шинэ баримт бичгийг хоёр хувь ирүүлсний нэгийг манай Гадаад хэргийн сайдад, нөгөөдөхийг нь Бээжинд суугаа Дипломат төлөөлөгчийн газарт хаяглажээ. Уул захидлыг монголоор бичиж англи орчуулга хавсаргажээ.
Захидалд, Монголын засгийн газар мэдээлэхдээ, тусгаар тогтнолоо тунхаглан зарласнаа хийгээд гадаад олон гүрэнтэй дипломат харилцаа тогтоох, Өргөөд гарын үсэг зурсан Орос-Монголын гэрээний маягаар худалдааны хэлэлцээр байгуулах хүсэл эрмэлзэлтэйгээ дурджээ. Монголын засгийн газар өмнө нь илгээгээд хараахан хариу аваагүй захидлуудаа зохих газартаа хүрсэн эсэхийг лавласан байна. Оросын засгийн газрын түр хамаарагч Монголын засгийн газрын энэ алхмыг мэдээд энэ асуудлаарх Оросын засгийн газрын бодол санааг надад илэрхийлсэн юм" гэжээ.
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮЧИН ЧАРМАЙЛТ ФРАНЦУУДЫГ ГАЙХУУЛАВ…
Энэ бичгээс харахад Францын элчин сайд Конте Монголын талаарх асуудалд шууд Хаант Оросоос заавар зөвлөмж аваад энэ удаа мөн л Оросын талын байр суурийг баримталсан нь харагдаж байна. Тиймээс Франц улс энэ удаа ч Монголын Засгийн газрын албан захианд хариу өгөөгүй юм.
Ийнхүү Франц улстай харилцаа холбоо тогтоох талаар Ерөнхий сайд Намнансүрэнгийн тэргүүлсэн Засгийн газар нэн идэвхтэй хүчин чармайлт гаргаж ажиллаж байсан нь Францын талын анхаарлыг ихэд татаж байжээ.
ФРАНЦУУД МОНГОЛЫГ СУДЛАЖ, ЭЛЧИН САЙДЫН ЯАМ БАЙГУУЛАХ САНАЛ ХҮРТЭЛ ГАРЧ БАЙВ…
1914-1916 онд Орост сууж байсан Францын элчин сайд Палеолог Монголын улс төрийн байдал, эдийн засаг, худалдаа, монгол, оросын худалдааны харилцааг судалж, дэлгэрэнгүй тайлан бичиж байжээ.
1914 оны 5 сарын 31-нд Франц улсын Гадаад хэргийн сайдад илгээсэн Палеологийн бичигт: “Монголын худалдан авах чадварыг 550 сая франк гэж үнэлж байгаа бөгөөд үүнд Монголын талын худалдааных 220 сая орчим” гэжээ. Мөн Францын элчин сайдаас Францын Засгийн газарт монголын газар нутагт эсвэл монголын бүс нутгийн ойр орчимд Францын консулын газар байгуулах тухай санал тавьсан бөгөөд Францын Засгийн газар ч улс төр, эдийн засгийн нилээд ач холбогдолтой байж мэднэ гэж мэдэгдэж байжээ.
Гэвч Франц улс Монгол улсын нөхцөл байдлыг битүүхэндээ ихэд ажиглаж, анхаарч байсан хэдий ч тухайн үед Монголд Хятадын цэрэг орж ирсэн, Монголын талаарх Оросын талын баримтлах бодлого, Дэлхийн Нэгдүгээр дайн сунжирч Орос, Франц улс хоёр нэг талд байсан зэрэг шалтгаанаар Монгол, Францын хоёр талын санал, санаачлагууд тодорхой үр дүнд хүрч чадаагүй болтой байна.
Сайн ноён хан Т.Намнансүрэн туурга тусгаар улсынхаа Ерөнхий сайдын албанд томилогдсоноос хойш улс орноо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх, дотоодын улс төр, эдийн засгийн бүхий л салбарыг хөгжүүлэхэд дэмжих “гуравдагч хөрш”-ийг уйгагүй чармайн эрэлхийлж байжээ.
Тэрээр Франц улстай харилцаа тогтоох, худалдааны гэрээ байгуулахыг хичээж, албан ёсоор гурван ч удаа Франц улсад хандаж, албан бус, нууцаар ч уулзалт хийж, байж болох бүхий л гарц, боломжийг ашиглаж байсан байна. Гэвч Франц улсын хувьд Алс Дорнод, түүний дотор Монгол дахь байр суурийг зөвхөн Франц-Оросын найрсаг харилцааны зарчим дээр л авч үзэж байсан байна. Өөрөөр хэлбэл, Франц улс Монголын талаар дипломат бодлогоо Оросын бодлоготой уялдуулан зохицуулж байсан учир хоёр орны хооронд бие даасан харилцаа үүсгэж чадахгүй байсан байна. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд Т.Намнансүрэн тэргүүтэй монголчуудын хүчин чармайлтаар Монгол Улс дэлхийн улс төрийн тавцанд гарч ирж чадсан бөгөөд тухайн үеийн нөлөө бүхий томоохон улс орнууд бүгд Монголын талаар анхаарч эхэлсэн юм.
Ашигласан материал :
1. Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Хаант Орос улсад 1913 – 1914 онд хийсэн айлчлал \баримт бичгийн эмхэтгэл\, УБ.,2010 он
2. ХХ зууны Монголын түүхийн эх сурвалж (1911-1921 ) эмхэтгэсэн О.Батсайхан. УБ.,2003 он
3. Монгол Улсын гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам (1911-1915) баримт бичгийн эмхэтгэл УБ.,2014 он
4. Гадаад харилцааны яам “Монгол Улсын гадаад харилцааны зуун жилийн тойм 1911-2011” УБ.,2017 он
5. Монголын ард түмний 1911 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл (1900-1914) (баримт бичгийн эмхэтгэл), УБ.,1982 он
6. Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн (Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл) УБ.,1998 он
7. “Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн -140” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. УБ.,2019 он
8. С.Чулуун Монгол Улсын анхны Ерөнхий сайд Оросын эзэнт улсад (Түүх- гэрэл зураг) УБ.,2014 он
9. Монголын тусгаар тогтнол ба Монголчууд (Олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл) УБ.,2012 он
10. Монгол Улсын тусгаар тогтнол – 1911 он (эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл) УБ.,2017 он
11. Монголын түүх (1911- 2017) УБ.,2018 он
12. Ц.Батбаяр Монгол Улсын Гадаад харилцаа (1900-1925) УБ.,2020 он
13. Ш.Сандаг Монголын улс төрийн гадаад харилцаа 1850-1919 он УБ.,1971 он
14. Л.Оюунгэрэл Монгол, Францын харилцаа УБ.,2003 он
15. Л.Хайсандай Монгол ба Өрнөд Европ УБ.,2004 он
16. Д.Уламбаяр Монгол, Өрнөдийн орнуудын харилцаа эрт, эдүгээ УБ.,2004 он
17. Ц.Батбаяр Богд хаант Монгол улс гуравдахь хөршийн эрэлд УБ.,2011 он
18. Ц.Батбаяр Монгол ба Их гүрнүүд УБ.,2020 он
19. Ц.Батбаяр Олноо өргөгдсөн Монгол Улсын гадаад харилцаа УБ.,2008 он
20. Б.Лхамсүрэн Монголын гадаад орчин төрийн тусгаар тогтнол УБ.,1995 он
21. Ж.Бор Монгол хийгээд Евразийн дипломат шастир (1759-2006 он) 4 дүгээр боть УБ.,2006 он
22. Ж.Урангуа ХХ зууны эхэн үеийн Монгол улс (1911-1919) УБ.,2006 он
Буянаагийн Ган-Очир (Ph.D)
2022.05.16

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ