alim.mn | 2024.12.23
1000 хүн амтай сумд 20 гаруй мянган хүнтэй Сэлэнгийн Мандалтай адилхан улсын төсвөөр тэжээгддэг

Монгол Улс 330 гаруй сумтай. Гэвч сүүлийн жилд сумд суурьших иргэдийн тоо жилээс жилд буурч байна. 2000 онд хүн амын 44 хувь нь амьдардаг байсан бол 2013 онд 31 хувь болж буурсан. Харин 2018 оны байдлаар тэр хувь улам багасаж хүн амын 25 хувь нь хөдөөд суурьшин амьдарч байна. Аймгийн төвүүдийг сум гэж нэрлэх болсон. Ингэснээр одоогийн 21 аймаг 330 сум бүрдсэн гэж болно. Сумдыг хүн амын тоогоор нь ангилан үзвэл 51.7 хувь нь жижиг буюу 3000-аас доош хүн амтай. 31.1 хувь нь жижгэвтэр буюу 3000-5000 хүн амьдардаг.  20 гаруй хувь нь дундаж буюу 5001-7001 хүн амтай гэсэн баримт байдаг.

 Бүр 1000 хүрэхгүй хүн амтай сумууд ч байна. Завханы Асгат, Дундговийн Цагаандэлгэр, Баянжаргалан гээд тоочиж болох. Цаашаа нарийвчлан тоолбол 1000 илүүхэн хүн амтай сум гэвэл бүр хэдэн арваараа байна. 1000 гаруйхан хүн амтай тэр олон сумд 20 гаруй мянган хүнтэй Сэлэнгийн Мандалтай адилхан улсын төсвөөр тэжээгдэн амьдарч байна. 10-аад мянга дөхсөн хүн амтай Өмнөговийн Ханбогд, Цогт-Цэций сум, Дорнодын Сүмбэр сумтай  адилхан улсын төсвөөр тэжээгдэж байна. Мөн Говь-Алтай, Дорноговийн зарим сумын газар нутаг эзгүйрч, тэнд хүн амьдрах нөхцөл үнэхээр муу байна гэхэд хилсдэхгүй. Татвар төлөгчдийн мөнгийг дарга нар дээгүүрээ тэрбум тэрбумаар нь идчихнэ. Үлдсэн жаахан төсвөө 330 гаруй сумууддаа тойргоо тордох нэрээр УИХ-ын гишүүд тараагаад үргүй цацчихна. Нэг жишээ хэлэхэд 1000 хүрэхгүй хүн амтай Завханы Асгат суманд нийтийн спортын талбай байгуулахад 92 сая төгрөг, Өмнөговийн Ноён суманд эмнэлгийн барилга барихад нэг тэрбум төгрөг зарцуулахаар улсын  төсөвт тусгажээ. Энэ нь төсвийг үргүй зарахад хүргэж байна. Нэмээд тооцоход сумдад Засаг даргын тамгын газар 10 гаруй орон тоотой, дундаж цалин нь 600 мянган төгрөг байдаг.  Түүнээс гадна багш, эмч нар гээд сумандаа өндөр цалинтайд тооцогддог хүмүүс бий. Гэтэл сумын сургуулийн зарим ангид нь 6-8 хүүхэд суралцаж байна. Хамгийн ойрхны жишээ УИХ-ын гишүүн, аварга А.Сүхбатын төрсөн нутаг болох Төв аймгийн Сэргэлэн суманд энэ жил нэгдүгээр ангид тавхан хүүхэд элсэн орсон. Ингээд бодохоор багш нарын ачаалал тун бага гэсэн үг. Хөдөөгийн нэг багш, нэг эмч их цалин авч байна гэсэн  үг биш. Харин тэдний хүрч үйлчлэх, хүн ам нь цөөн, ажлын цар хүрээ хомсхон байна. Тиймээс төсвийн хөрөнгө үр ашиг муутай цацагдаж байна. Тэгээд ч хүн амтай сумдад багш эмч нараас өөр ажлын байр байхгүй. Хүн ам цөөн болохоор зах зээл хөгждөггүй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлээд ч ашиг олж чадахгүй, хөгжихөд амаргүй газар болж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ