УИХ өнгөрөгч долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. Сонгуулийн хуультай холбоотойгоор эмэгтэйчүүдийн квотыг тойрч хэрэлдсээр нэг долоо хоногийг авлаа. Өргөн барьсан төсөлд тусгагдсан хүйсийн төлөөлөл 1:1 байх хувилбар эхний хэлэлцүүлэг дээр унаж, 70:30 дээр тогтсон. Өөрөөр хэлбэл, аль нэг хүйсийн төлөөллийг 30 хувиас бууруулж болохгүй гэсэн үг. Тэр нь эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу хамаагүй.
Гэтэл манай эмэгтэйчүүд “биднийг хааж байна, хавчиж байна” гэж хашгирсаар байгаад 60:40 болгоод авлаа, Байнгын хороон дээр. Ухаандаа, “Та нар 70 хүртэл хувьд нь нэр дэвшиж болно шүү” гээд байхад өөдөөс нь “40 хувийг өгчих л дөө” гээд гуйгаад суучихсан. Нөгөө эрчүүдийнх нь хөх инээд хүрээд, “хохь чинь ээ” гээд гараа өргөнө биз дээ.
Угтаа бол аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас багагүй байна гэдэг дотор чинь эмэгтэйчүүдийн гуйгаад байгаа 40 хувь ч багтаад, цаашаагаа 70 хувь хүртэл өсөх боломж нь нээлттэй байгаа юм шүү дээ. Үнэхээр л манай эмэгтэйчүүд улс төрд эрчүүдээсээ илүү манлайлал үзүүлээд, нийгэмдээ өөрийгөө зөв харуулаад, нам дотроо ч зодолдоод гараад ирдэг юм бол 70 хувьд хүртэл нэр дэвших боломжтой. Тэр үед ч гэсэн эрэгтэйчүүдийнх нь оролцоо 30 хувиас бага байж болохгүй шүү гэдэг л зарчим.
Гэтэл манай эмэгтэйчүүд хуулийнхаа энэ зарчмыг хуга нуга гишгээд, “40 хувийг л бидэнд өг” гээд зүтгэж байна. Эмэгтэйчүүд эрчүүдээс үргэлж дутуу байх ёстой, боломжийг бид биш, эрчүүд бий болгодог гэдэг уламжлалт сэтгэхүй нь яг хэвээрээ. Бүр энгийнээр хэлбэл, эр хүйсийг нэг хүн гэж үзвэл эм хүйс түүний хагас буюу 2/3-той тэнцэх юм биз дээ. Тэгээд тэр "хагас хүйс" буюу 2/3-оо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Сонгуулийн хуульд оруулахаар улайрч байна. Өөрөөр хэлбэл, энэ "хагас" хүйсийг улс төрд оруулж ирэх ганц боломж нь намын жагсаалт гэж ойлгоод, намын жагсаалтад багтчихвал ногоон гэрлээр гараад ирнэ гэсэн гэнэн итгэл л манай эмэгтэйчүүдийг хөтөлж байна.
Гэтэл улс төрийн намын хамгийн эхний бөгөөд эцсийн зорилт нь сонгуульд ялалт байгуулах явдал. Өөрөөр хэлбэл, тухайн намд хэн илүү санал цуглуулах боломжтой байна, тэр хүнийг л нэр дэвшүүлдэг. Үүнд ямар нэг хүйсийн ялгаварлал байх ёсгүй. Чи эрэгтэй учраас цаашаа бай, эмэгтэй учраас чамд илүү боломж олгоно гэдэг мораль лав улс төрийн намд байх ёсгүй. Тэр тусмаа үүнийг хуульчлан баталгаажуулж бүр ч болохгүй.
Угтаа эмэгтэйчүүд 40 хувь, эрэгтэйчүүд 60 хувьд нэр дэвшинэ гэдэг чинь өөрөө хүйсийн маш том ялгаварлал юм шүү дээ. Эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс дорд үзэж, ялгаварлаж буй хэлбэр. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүд нь биш, эмэгтэйчүүд маань өөртөө ийм ялгаварлал, жендерийн тэгш бус байдлыг бий болгож байна гэсэн үг. Түүнийхээ оронд эмэгтэйчүүдийг яагаад хамгийн хүн ам олонтой, хамгийн ядуу, хамгийн их асуудалтай захын дүүргүүд, тойргууд дээр нэр дэвшүүлдэг юм бэ, энэ чинь ялгаварлал биш юм уу? гэдгийг намын дарга нараасаа асуух нь хэрэгтэй. Ердөө хоёр эрэгтэй нэр дэвшигчийн дунд нэг эмэгтэй хавчуулагдаад хуушуурны тавган дээр тавьсан хачир шиг л явж ирсэн биз дээ.
Яс юман дээр энэ парламент дотор байгаа эмэгтэй гишүүдийн дотор лав улстөрчийнхөө, хууль тогтоогчийнхоо хувьд эрчүүдтэйгээ эн тэнцүү өрсөлдөөд, сөргөлдөөд, тодроод товойгоод гараад ирсэн, нийгэмдээ сайн сайхан зүйлээр үлгэрлэсэн, танигдсан нэг ч хүн байхгүй. Муу муухай юм болохоор эрчүүдийнхээ ард ороод нуугдчихна, нийтийн эрх ашиг ярихаар ус балгасан юм шиг алга болно. Тэрийгээ ч мэдэхгүй "эмэгтэйчүүдийн бүлэг" энэ тэр байгуулаад, улаан ногоон дээл тунаруулаад, мөнгөтэй хүнд хундагаладаг ширээний хүүхэн шиг л юмнууд явдаг биз дээ. Ийм хэрийн тархитай дахиад 40 хүүхэн ороод ирвэл нэмэр биш нэрмээс л болно.
Б.Сэмүүн