alim.mn | 2024.12.22
Монгол эмээл, уран хийцтэй хоёр мөнгөн гүц, 10 гаруй мөнгөн аяга бэлэглэжээ

САЙХАН МЭДЭЭ

АНУ-аас Монгол Улсад 1993-1996 онд Элчин сайдаар ажиллаж байсан Доналд Жонсон манай улсыг ямагт дэмжин, Монгол түмний өв соёлыг хүндэтгэн үздэг нэгэн билээ. Д.Жонсон Монгол Америкийн хооронд дипломат харилцаа тогтоохоос хэдэн жилийн өмнө тэр үйл хэрэгт анхнаас нь санаачилгатай оролцож байсан юм. Монгол Улсад 1944 онд хүрэлцэн ирсэн АНУ-ын Дэд ерөнхийлөгч Хенри Уоллес (Henry Wallace)-ийн айлчлалаас хойш бараг 40 жилийн дараа Монгол Улсын Гадаад явдлын яаманд анх удаа хөл тавьж дипломат харилцаа тогтоох боломжийг тандаж явсан Америкийн дипломат Доналд Жонсон билээ.Түүнийг тийнхүү 1984 онд Улаанбаатарт ирэхэд нь дээд газар, сайд нарын даалгавраар хүлээн авч, уулзаж ярилцах үүрэг надад оногдсон юм. Миний бие тэр үед ГЯЯ-ны Бодлого төлөвлөлтийн газарт нэгдүгээр нарийн даргын албыг хашиж байв. Д.Жонсон бол Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан юм.

Хожмоо 10 жилийн дараа Жонсон Монгол Улсад суух гурав дахь Элчин сайдаар, миний бие АНУ-д суух мөн гурав дахь Элчин сайдаар томилогдон ажиллаж байлаа. 1987 онд дипломат харилцаа тогтоосон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны нэгэн зүйл түүх юм даа. Дональд Жонсон болон ардчиллын эхний жилүүдэд Улаанбаатарт Элчин сайдаар ажиллаж байсан Жозеф Лэйк нар бол Америк Монголын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан эрхмүүд билээ. Тэд нартай хэдэн арван жил найрсаг, байнгын харилцаатай байж, хоёр улсын харилцааны түүхийн зарим хэсгийг бичих асуудлаар одоо ч хамтран ажилласаар байгаа. Бидний хооронд тогтсон ажил хэрэгч найрсаг харилцаа сайхан өв болж үлдсэн бөгөөд дараа дараагийн Элчин сайд нарын харилцаанд ч энэ нь уламжлал болсон юм.

Элчин сайд Дональд Жонсон Ази, Европ, Африк, Латин Америкийн хэд хэдэн оронд Элчин сайдаар, олон улсын дипломат яриа хэлэлцээнд Америкийн төлөөлөгчдийг тэргүүлэн оролцох Элчин сайдаар томилогдон ажилласан, АНУ-ын Төрийн Департмент, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд хариуцлагатай алба хашсан нэр хүндтэй дипломат билээ. Тэрбээр гавьяаныхаа амралтад гарсны дараа Техас мужийн Сан Антонио хотод аж төрж байгаа ажээ.

Саяхан Сан Антонио хотын урлагийн музейд гэргий Нельдагийнхаа дурсгалд зориулан түүний хувийн цуглуулгаас нь Монгол эмээл, уран хийцтэй хоёр мөнгөн гүц, 10 гаруй мөнгөн аягыг хандив болгон бэлэглэжээ. Гэргий Нельда нь уран хатгамал хийдэг, урлагийн бүтээлд сэтгэлтэй нэгэн байсныг нь бид сайн мэдэх юм. Элчин сайд Жонсон ийм шийдвэр гаргаж, Монгол урчуудын бүтээлийг тийнхүү хандивласан тухайгаа Майжаргал бид хоёрт захидал илгээн мэдэгдсэнийг цахим сүлжээний андууддаа Элчин сайдын зөвшөөрлийг жич авсны дараа ийнхүү мэдээлэхэд таатай байна. Монгол урчуудын нандин бүтээлүүд хаа нэгтээ, аль нэг айлын шилэн хоргонд биш, улсын музейд тавигдаж олон түмний мэлмийг баясган байх нь баярлууштай сайхан зүйл юмаа.
Элчин сайдтанд гүнээ талархаж байна.

Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Ж.Чойнхор


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ