Өнгөрч буй онд Адам Смитийн мэндэлсний 300 жилийн ой тохиолоо. Тэрээр энэ дэлхийг өөрчилж чадсан цөөн хүний нэг. Сонин шүү, тун цөөн тохиолдолд зарим нэг хүн ганцаараа энэ ертөнцийг, хүний нийгмийг өөрчилж чадсан байдаг. Исаак Ньютоны “Принципл математика” ном орчлон ертөнцийн тухай хүн төрлөхтний ойлголтыг өөрчилсөн. Физик хүч болон тэдний харилцан үйлчлэлийн тухай, оптикийн тухай түүний нээлт орчлон дэлхийн тухай бидний ойлголтыг үндсээр нь өөрчилсний хүчинд шинжлэх ухаан огцом хөгжиж, тэр нь хүний ахуйд нэвтэрснээр хүн төрлөхтний амьдралд асар их дэвшил авчирсан. Албэрт Эйнштэйнийн нээлт яг өнөөгийн ертөнцийг цоо шинээр цогцлоожээ. Цөмийн эриний хаалгыг нээсэн төдийгүй өнөөгийн гар утас зурагт, элетрон гээд наад захын хэрэглээ тэр нээлтүүдээс эх авсан.
Адам Смит дэлхийг өөрчилсөн цөөн хүний нэг. Ньютон, Эйнштэйнээс өмнө тэдний нээлтийн талаар хэн ч мэддэггүй байсан бол Смитээс өмнө үеийнхэн дунд түүний “Үндэсний баялаг” бүтээлд бичсэнийг ойлгодог, мэддэг хүмүүс олон байжээ. Харин хүлээн зөвшөөрөх дургүй, үүнээсээ болж хүмүүний хөгжил дэвшил урт удаан хугацаагаар хязгаарлагдсаар ирсэн.
Хүн ерөөс байгалиасаа сүрэглэх зөнтэй амьтан, гэвч индвид болгон нь давтагдашгүй өөрийн онцлогтой. Үүнийг авъяас ч гэж нэрлэж болох. Нэг нь хоол хийхдээ, нөгөө нь гутал загнахдаа, гурав дахь нь харайж дэвхцэхдээ, дөрөв дахь нь хүн хуурахдаа онцгой гаргууд байж болох. Гэхдээ ямар ч үйлдвэрлэл үйлчилгээний эцсийн үр дүн борлуултаар хэмжигдэнэ. Бараа үйлчилгээ хүртэж буй олонхийн сонирхол ч янз бүр. Нэг нь шарсан маханд дуртай, нөгөө нь маханд дургүй, ногоог илүүтэй үздэг гэх мэт. Үйлчлүүлэгч үйлдвэрлэгч хоёрын хооронд солилцоо явагдана, энэ бол худалдаа, арилжаа, борлуулалт. Бүтээгдэхүүнээ борлуулахын тулд аль болох амттай хоол хийх, аль болох хүн сонирхмоор ганган гоё, бөх бат гутал үйлдэх сонирхол үйлвэрлэгчид үүснэ. Үйлдвэрлэгчид үйлчлүүлэгч хоёрын бараа солилцоон дахь тохиролцооны цэгийг үнэ гэнэ.
Бараа үйлчилгээ тэр болгон үйлдвэрлэгчээс үйлчлүүлэгчидтэй шууд холбогддоггүй. Иймээс энд хооронд холбох зуучлагчид гарч ирнэ. Үйлдвэрлэгчээс үйлчлүүлэгчид хүргэж өгсний шагналд бий болох ашиг бол тэдний бизнис. Тэднийг худалдаачин, наймаачин, панзчин гэх. Тэд түүхийн турш сайн нэртэй байгаагүй. Хүн төрлөхтний оюун санааг мянга мянган жил хөтөлсөөр ирсэн Мойжэс, Есүс, Мохамэд, Күнз, Лао Цы болон олон олон филосифичид, эрдэмтэн суутнууд худалдаачдыг үргэлж муулж гадуурхаж байлаа. Энэ нь олон ч ард түмний сэтгэлгээнд гүн нэвтэрсэн. Иргэншил, соёл болгон худалдаа наймаа эрхлэгчдийг өөрснөө ямар ч бараа үйлчилгээ хийж хөдөлмөр зардаггүй мөртөө нэгнээс нь хямд авч нөгөөд нь дамлан зардаг, хүний хомсдол хэрэгцээг далимдуулан шулж мөлждөг нийгмийн паразитууд гэж үзэх аж.
Адам Смитийн гаргалгаа уг нь их энгийн. Хүн болгоны авъяас чадвар өөр өөр. Тэрнийхээ дагуу ямар нэг бараа үйлчилгээ хийдэг. Тэдний гол зорилго борлуулалт байдаг. Энэ нь завсрын зуучлагчгүйгээр амжилт олдоггүй. Иймээс хувь хүн ч, хамтлаг ч, улс орон ч чаддаг зүйлээ хийж түүнийгээ зуучлагчаар дамжуулан аль болох түгээн борлуулах. Хэдийгээр тэр үеийн сүм хийд энэ санааг нь хүчтэй эсэргүүцэн, хүний амиа бодох муухай үзлийг гааруулан дэмжлээ хэмээн буруутгасан ч, тухайн үеийн Британий нийгэм нааштайгаар хүлээн авч ойлгосон. Ингэж аугаа их Үйлдвэржилтийн хувьсгал, Үйлдвэржилтийн эрин эхэлсэн билээ.
Худалдааны анхны том сувгийг хятадууд 2000 жилийн өмнө нээсэн. Тэд Сиан хотоос Европын Венец хүртэл худалдааны шугам нээснийг Торгоны зам гэдэг. Гэхдээ энэ нь мянган жилийн турш хамгийн аюултай замын нэг байлаа. Зам тоссон дээрэмчид энд тэндгүй. Ингэхээр худалдааг хамгаалсан төр улс, тэдний хэрэгжүүлдэг хууль, хууль сахиулдаг хүчин хэрэгтэй. Дундад зууны монголчууд дэлхийг эрхшээсэн, ингэхдээ хүн төрөлхтөнд асар их гамшиг учруулсан. Харин эзэлж эрхшээснийхээ дараа худалдааг хөхиүлэхэд их чармайлт гаргажээ. Өдгөө зарим судлаач, түүхч нар монголчуудыг анхны жинхэнэ чөлөөт худалдааг бий болгосон гэж дүгнэх нь бий. “Торгоны замаар толгой дээрээ алтан таваг ил тавиад явахад ямар ч аюулгүй” гэж тэр үеийн аянчид бичсэн нь баримт болон үлдсэн.
Монгол улс өнгөрч буй онд 70 сая тонн нүүрс гадагш гарган зарсан нь зарим нэгний үнэлж буйгаар түүхэнд урьд хожид гарч байгаагүй их амжилт аж. Юмаа борлуулна гэдэг мөнгөтэй болж буй хэрэг. Мөнгөтэй болчихвол зөрүүлээд дуртайгаа худалдан авч болно гэсэн үг. Өнөөдөртөө Монгол улс нь импортын орон. Өнөөдөр ч юу байхав, үе үеийн турш үргэлж л тийм байсан. Морь унаж мод тохон дайрч ороод булаагаад авчихдаг чадал тэнхээтэй үе байсаан. Харин орчин цагт тийм тэнхээ ч байхгүй, тэнхээтэй байгаад ч тийм цаг үе өнгөрсөн. Бараа солилцоогаар гадагш гаргах юмтай байж л мөнгөтэй болно, тэрүүгээрээ нийт хэрэгцээнийхээ дэндүү дийлэнхийг гаднаас зөрүүлэн худалдан авна, бид. Жорлонгийн цаас, гялгар уутнаас өгсүүлээд гаднаас худалдаж авах зайлшгүй шаардлагатай юм мөн ч их байна даа. “Өөрснөө иймхэн юм хийчихэд яадгийн” гэж агсрах сэцэн билэгтнүүд л олон болохоос ядахнаа хүн ам цөөтэй газрын үйлдвэрлэлийн өртөг бэлнээр худалдан авснаас хавьтгүй илүү өртөгтэй байдгийг огт тооцдоггүй. Чаддагаа л хий гэсэн Адам Смитийн мэргэн санааны гогцоо энд л байна.
Байгалийн баялаг бол өвөг дээдсээс бидэндээ өвлүүлэн үлдээсэн хувь хөрөнгө биш, зүгээр л аз таарч энэ өргөн уудам нутагт орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мундахгүй арвин баялаг хадгалагдсан нь хийморь лундаа. Монгол орны нийт газар нутгийн ердөө хорь хүрэхгүй хувь нь геологи хайгуулийн нүднээ өртмөр аядсан. Бусад нь дээгүүр нь хонь мал, зэрлэг амьтан л явж гадаргуутай нь танилцсан байх. Ашиглалт болохоор лиценз гэгдэг зөвшөөрлийг нь авсан газар нийт нутгийн ганцхан хувийг эзэлдэг. Яг ашиглаад уул уурхай үйлдвэрлэл явуулж байгаа газар нь Эрдэнэт, Оюутолгой, Таван толгойгоо оруулаад дөнгөж 0,27 хувь. Ийм их баялагтай мөртөө ядуурснаа гайхан, өлсөж байгаагаараа түрий барьсан тарган тарган хүмүүсийн өлгий.
Уул уурхай өнөөдөр хай тек болжээ. “Цагаан хэрэм давуулаад л хүрздэж шидээд болж байхад гадаадын хөрөнгө оруулалтаар үхснээ хийхэв” гэсэн уриа парламентийн танхимд цуурайтан ард түмнийг “жинхэнэ үнэнтэй” учруулсан дүнгэнээн өнөөдөр гашуун үнэнтэй тулгаран юм бодогдуулж байх шиг. Хүн төрлөхтөн лавтай хэдэн мянган жил хүрзээр газар ухаж өөрсөддөө хэрэгтэй зүйл олзворлоо биз. Өдгөө энэ нь техник технологи, мэнэжмэнт, тооцоо шинжлэх ухаан, нанотехнологи, хиймэл оюун болсон. Бидэнд алин ч байхгүй. Мэргэжилтэй боловсон хүчин байтугай мэргэжилдээ тун тааруу дарга ч байхгүй. Нөгөө талаас хүрзээр газар ухдаг байлаа ч тэрэнд мөнгө хэрэгтэй, тэр нь бүр байхгүй. Иймээс л мөнгөтэй баян улс ч гадаадын хөрөнгө оруулагч хайж, тэрний төлөө өрсөлддөг. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалт нь мөнгөө гаргаад хамтарч ухаад ашгаа хуваая гэсэн тун энгийн, тун боломжийн санал л тавьдаг. Гэнэдээд асар их хөрөнгө оруулсан боловч, хорин жил нүүр рүүгээ нулимуулсан Оюутолгойн ордыг олзворлагч компанитай энэ жил арай гэж учраа оллоо. Хорин жил гаруй дээрэлхүүлж элдвээр хэлүүлсэн урааны хайгуул хийгч компанитай нэг ширээнд суун хэлэлцэж эхэллээ. Энэ бол 2012 оноос хойш Монголын эдийн засагт гарч буй хамгийн хамгийн том амжилт юм. Хэл амаа ололцох нь л бидний хувьд эдийн засгийн аварга амжилт! Хулхины найдваргүй орон гэж үнэлэгдчихээд байгаа Монгол орон мухардлаасаа гарах үүд хаалгаа нээж байна гээд ойлгогдчихвол мөн ч их хэрэг бүтэх гээд байгаа юм.
Адам Смит Эдийн засгийн ухаан хэмээх салбарыг үндэслэгч. Яг шинжлэх ухаан мөн гэхэд бас нэлээд эргэлзээтэй л дээ. Гэхдээ хүний нийгмийн амьдралын цаад утга учир, хөдөлмөр зүтгэл, хөдлөх механим, алдаа оноог дэнслэн судлууштай юм гэдгийг анхлан хэлсэн хүн. Хорвоо өнөөдөр даяаршаад, хүн төрлөхтөн ижил төстэй хууль, дүрэм журамд захирагдах боллоо. Үүнээ дагаад эдийн засаг ч найман тэрбум хүний санаа бодол, ааш араншин, элдэв үйлдэл, туршлага, уламжлалаас хамааралтай болжээ. Хүн төрлөхтөн улам л эдийн засгийн ижил төстэй механизмаар урагшилж байна. Галзуу санаа болгон нь, тэнэг туршилт бүр нь, ухаангүй бүдүүлэг хоцрогдол бүр нь улам бүр улиран шахагдаж байна. Манайд эдийн засагч хэмээх дипломтой хүний тоо өдийд бараг 100 мянга хүрч байгаа байх. Энэ нь миалаад байгаа ч юм уу, эсвэл хоч уу гэж бодогдох үе таарах юм? Энд бивээр хүн ойлгохын аргагүй орооцолдсон хүнд юм бичсэнгүй. Эдийн засаг нь ерөөсөө өөрөө хэн бүхэнд ойлгомжтой энгийн амьдрал болохоор. Лав л наад зах нь ТҮЦ-ийн худалдагч боловсролгүй авгайн хурдан шуурхай үйлчилгээ, найрсаг зан, зөөлөн инээмсэглэлээс эдийн засаг илүү ойлгомжтой харагддаг.
Б.Баабар /2014.01.01/