"Шивээ-Овоо” гэж өр ширэндээ дарагдсан уурхай бий. Тус компани 18.3 тэрбум төгрөгийн машин механизмын лизингийн зээлтэй. Аж ахуйн нэгж, байгууллагуудад 11.5 тэрбум төгрөгийн өглөгтэй. Толгой компани буюу “Эрдэнэс Монгол”-д дөрвөн тэрбум, мөн татварт адил хэмжээний, нийгмийн даатгалд 800 сая төгрөгийн өртэй аж. Тэднийх өнгөрсөн жил дөрвөн 55 тоннын даацтай CAT брэндийн машиныг зээлээр авчээ. Нийт өр нь 180 хүрнэ гэхээр байдал ямар нь ойлгомжтой.
Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд 2012 онд 12 тэрбум төгрөгөөр "Нүүрс хатаах үйлдвэр" барина гэсэн. Тэр үйлдвэрийг барихдаа "Нүүрсний чийглэгийг 25-30 хувиар (2600 илчлэгтэй бөгөөд Тавантолгойгоос гурав дахин бага) бууруулж, 2000 метр конвейерийн системийг нэвтрүүлснээр жилдээ 3,1 тэрбумын ашиг олж, 1,5 тэрбум төгрөгийн хэмнэлт хийнэ" гэсээр байгаад 12 тэрбум төгрөг төсөвт суулгуулсан. Хоёр жилийн гаргасан зардлаа нөхнө гэж амлаж байлаа.
Гэтэл 12 тэрбумаар барьсан "Нүүрс хатаах үйлдвэр" хоёрхон сар ажиллаад дэлбэрчээ. Нүүрсний чийглэгийг 25-30 хувь бууруулсангүй. Дөнгөж тавхан хувь бууруулж, цахилгаан станцуудын зуухыг бас дэлбэлэх дөхсөн аж. Чийглэгтэйгээр нь түлдэг горим өөрчлөгдөж мазут хийнгүүт цахилгаан станц дэлбэрэх аюулд өртөх шахсан байдаг. Ингээд 12 тэрбумын үйлдвэр хоёр сар ажиллаад дэлбэрсэн гашуун түүх бий. Энэ их мөнгийг үрэн таран хийсэн нөхдүүдтэй хариуцлага тооцсон уу.
Стратегийн орд Шивээ-Овоо 2,7 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй. Үүнээс 2,2 тэрбумын нөөцийг хөтлөгч П.Анужингийн нөхөр байсан Амалхааны Эрдэнэбат авсан гэдэг. А.Эрдэнэбат Япон, Солонгос, Малайз, Хятадуутай нийлэн дизель түлш гаргах үйлдвэр барина хэмээн хөрөнгө оруулагч татан баахан хувь, хувьцаа тараасэн. Эцэст нь өөрөө өр ширэндээ ч баригдаад хүнд байдалд орж, сумочин Д.Кёкүшюзанбатбаярт багагүй хувиа өгчээ. Амалхааны Эрдэнэбатад яагаад 2,2 тэрбум тонн нөөцтэй нүүрсийн ордыг яаж өгсөн, авсан, гадныханд зарсан гэх талаар шалгавал их гарна гэх юм билээ.