Монголчуудын бүхий л үеийн түүх, соёл, угсаатны ховор нандин үзмэрүүд Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг. НТӨ 800000 жилийн өмнөх үеэс эхлэн XX зууны сүүл хүртэлх 60000 орчим нэгж үзмэртэй. Энэ цуглуулга нь Монголын түүхтэй холбоотой дэлхий дээрх хамгийн баялаг сан хөмрөг билээ. Олон талын ач холбогдолтой, дахин давтагдашгүй өвөрмөц цуглуулгын дотор XIII зууны Монголын эзэнт гүрний үеийн монгол цэргийн байлдааны ялтсан хуягт гутал, монгол бөө, удганы маш ховор нандин хувцас хэрэглэл ч бий. Түүнчлэн XX зууны эхэн үеийн язгууртны хувцас, монголын сүүлчийн хааны хүрэм, мөн социализмын үеийн удирдагч, ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгчийн ёслолын хувцас хадгалагдаж байна. Энэ удаа XIII зууны Монголын эзэнт гүрний үеийн монгол цэргийн байлдааны ялтсан хуягт гутлыг сонирхуулж байна.
Ялтсан гутал: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан тул гэрчилгээ олгожээ.
- Холбогдох он цаг: XY-XYI зуун
- Хэмжээ: өндөр 47 см, урт 28 см, өргөн 9 см, жин 2.1 кг
- Тоо ширхэг: хос /2 ширхэг/
- Материал: Төмөр, савхи, ялтас
- Шинж байдал: төмөр ялтсан дотортой, хүрэн савхин гутал. Түрийн дээр сойж уях тасман татууртай.
Уг гутлыг Архангай аймгийн иргэн Р.Дашрагчаа эмгэний дээд удмынхан 7 үе дамжин хадгалж байсныг 1953 онд Архангай аймгийн Орон нутгийн судлах музейн эрхлэгч Самдан авч эрдэмтэн О.Намнандоржоор дамжуулан Шинжлэх ухааны хүрээлэнд ирүүлсэн. Энэхүү гутал монголчуудын байлдааны хувцас хэрэглэлийн тухай бодит мэдээлэл өгч байгаа “түүх соёлын хосгүй үнэт дурсгал”-т эд өлөг билээ.