alim.mn | 2024.11.15
Таван доктор, 20 магистр шавьтай П.Лхагвасүрэн 91 сая төгрөгийн хохирлоо төлөөд 1,6 жил зорчих эрхээ хязгаарлуулах ялаар шийтгүүллээ

2016-2019 онд Боловсролын зээлийн сангийн захиралаар ажиллаж байсан П.Лхагвасүрэн нь  БСШУ-ны  сайд Л.Гантөмөрийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/221 дугаартай тушаал, түүний хавсралтын 24 дэс дугаарт бичигдсэн “The university of Technology Sydney” сургуульд суралцах эрх үүссэн өөрийн төрсөн хүү Л.Түмэндэлгэртэй 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-г байгуулсан боловч сайдын тушаал, гэрээнд заагдаагүй сургууль болох “The university of New South Wales” нэртэй сургуульд суралцуулсан, суралцах хугацаанд тус сангаас 32,000 ам.доллар буюу 91,178,880.00 төгрөгийн санхүүжилт олгож, төрсөн хүүдээ эдийн давуу байдлыг бий болгож их хэмжээний хохирол учруулсан,

Мөн өөрийн төрсөн хүү Л.Түмэндэлгэрийг “The university of New South Wales” сургуульд суралцаж байх хугацаанд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний хавсралт үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-ний барьцаа болох ... бүртгэлийн дугаартай, ... тоот авто зогсоолыг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 425 дугаартай “Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичиг”-ээр барьцаалбарыг хүчингүй болгож, түүнд эдийн бус давуу байдлыг бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Захирал асан хэрэг үйлдсэн шалтгаанаа ийн тайлбарлажээ.

“... Ер нь бол хоёр нөхцөл байгаа, эгч нь суралцах болсон, тэнд барьцаа хэрэгтэй болсон. Хоёрдугаар нөхцөл нь энэ хүүхэд сургуулиа төгсөөд эх орондоо ирэх нь, ажиллах нь баталгаатай учраас энэ итгэл үнэмшилдээ тулгуурлаад барьцааг чөлөөлсөн. Эгчийнх нь зээл барьцаалахын тулд чөлөөлсөн ...”

Мөн боловсролын салбарт оруулсан өөрийн “хувь нэмэр”-ээ тодотгожээ.

“... Би боловсролын салбарт 36 жил ажилласан. 1980 онд их сургуулиа төгсөөд хөдөө орон нутагт ажиллаж байсан. Тухайн үед Монгол Улсын хэмжээнд сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, мөн багш нарыг хөгжүүлэн ажиллаж байсан. 2006 оноос Монгол Улсын боловсролын салбарын шилдэг менежер болж байсан. 2012 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр оюутан залуучуудад тэтгэлэг олгох шийдвэр гарсан. Тухайн үед шийдвэрийг хэрэгжүүлсэн. Мөн тухайн үед оюутнуудын сургалтын төлбөр болон ном ашигласны төлбөр гэж авдаг байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд оюутан залуучуудын өөрийнх нь данс рүү шилжүүлэн өгдөг загвар гаргасан байгаа. Энэ ажлыг хийснийхээ төлөө Засгийн газраас сайшаал авч байсан. Намайг Боловсролын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхад Монгол Улсад анх удаа 2019 онд шинэчилсэн сургалтын хөтөлбөр байгуулсан. Одоогоор тухайн сургалтын хөтөлбөр нь хэрэгжээд явж байна. Түүний дараа Корона вирус гарч монголчуудад маш хурдтай цахим хичээлийн асуудлыг шийдвэрлэсэн. Би өөрөө 576 багшийг удирдаж энэ асуудлыг шийдвэрлэсэн. Монгол Улс дэлхийд тэргүүлэх 10 орны нэгт багтаад явж байна. Би насаараа эрдэм ном бичсэн. Өнөөдрийн байдлаар 5 доктор, 20 гаруй магистр шавь нартай болсон ...”

Тэрээр хохирол болох 32 мянган доллар буюу 91,1 сая төгрөгийг шүүх хурлын өмнөхөн төлж барагдуулсан байна. Шүүх захирал асан П.Лхагвасүрэнг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж 1,6 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tuya
3 долоо хоногийн өмнө
202.126.91.146
Ene ulsad idsen ni hojdog boljee.
Зочин
3 долоо хоногийн өмнө
103.57.94.250
УИХ-ын гишүүд, эрх мэдэлтнүүд болон тэдний хамаарал бүхий хүмүүсийн сургалтын төрийн сангаас авсан зээлийг нь төлүүлээ
Төстэй мэдээ