МАК-ийн дэд ерөнхийлөгч Д.Хулан “Энэ Женко улсаасаа залгиж нэг, завшиж нэг идээд 800 сая доллар завшчихсан хүн дээ” гэж цахим хуудастаа цагаан дээр хараар бичсэн. МАК-ийн Хулан бол мөнгөний үнэ цэн, хэмжээ дамжааг мэдэх хүн. Ямар аяганаасаа илүү гарч боддоггүй бид биш.
Женко Баттулгыг ТЭЗҮ, төслийн загалмайлсан эцэг гэдэг. Ямартаа л Д.Сумъяабазарыг сайд байхад Уул уурхайн яаманд портер төсөл өгөх вэ...
Төслийн загалмайлсан эцгийн маш олон төслийн нэг төсөл бол Сайншандын аж үйлдвэрийн төсөл. Энэ төсөлд 30 орчим тэрбум төгрөг оруулчихаад эцэст нь татан буулгажээ. Энэ тухай Хөгжлийн банкны сонсголоор яригдсан.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Дорноговь аймгийн Сайншанд хотод “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” байгуулах саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дэмжүүлжээ.
Ингэхдээ “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчит компани байгуулж, Хөгжлийн банкнаас 7.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 2013 онд шаардагдах 14 тэрбум 170.8 сая төгрөгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх зөвшөөрлийг Засгийн газраас Хөгжлийн банкны ТУЗ-д өгсөн байна. Ингээд нэг алдарт төсөл 30 тэрбумыг зарцуулаад ч зөвхөн цаасан дээрээ үлджээ.
Учир нь 2018 онд “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчит компани татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, Их хурлын сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдаж тус компанийг татан буулгасан байгаа юм. Гэхдээ өнөөдрийг хүртэл тус компани татан буугдаагүй байна. Түүгээр ч барахгүй “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчит компанийн Хөгжлийн банкин дахь дансанд 550.5 мянган ам.долларын үлдэгдэл байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байсаар байгаа нь сонсголын үеэр олон нийтэд ил болов.
Энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ч.Баяр-Эрдэнэ “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчит компанийг татан буулгах Засгийн газрын тогтоол 2018 оны нэгдүгээр сарын 10-нд гарсан. Засгийн газрын шийдвэрийн дагуу татан буулгах ажлын хэсгийг байгуулж, өр төлбөр, авлага өглөгийг олон нийтэд зарласан. Ингэхэд нийт 3 тэрбум 548.8 сая төгрөгийн өртэй байсан. Шүүх дээр тодорхой асуудлууд явсан. Өр төлбөртэй учраас татан буугдах ажил явж л байгаа. Нэг үгээр хэлбэл, татан буугдаагүй байгаа. 2018 онд татан буулгах Засгийн газрын шийдвэр гарч байхад компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Түрээсэлж байсан оффисынх нь тавилга, эд хогшил эзэнгүйдсэн байсан. Тиймээс эд хөрөнгийг нь бүртгэж, акт үйлдэж, нэг газар аваачиж тавьсан” гэсэн юм.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Энэ Х.Баттулгын төсөл биш. УИХ, Засгийн газрын тогтоолтой төсөл. Санаачлаад явснаас болоод миний нэрийг оруулаад гацааж байгаа нэлээд хэдэн том төсөл бий. 2 тэрбумын хөрөнгө оруулалт хийчихсэн байхад юун татан буулгах вэ. Би үүнийг Ч.Хүрэлбаатар толгойлж хийсэн гэж бодож байна. “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” баригдах ёстой гэдэгт одоо хүртэл би итгэлтэй байдаг. Би энэ ажлаараа бахархдаг. Цаашдаа хийж дуусгана гэж бодож байгаа. Нэлээд ажлууд хийсэн. Нийт 5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх ёстой. Монголын Засгийн газар 34 хувийн хөрөнгө оруулахад энэ нь 1.7 орчим тэрбум ам.доллар болох ёстой. Үлдсэн 66 хувь дээр бид хувийн болон гаднын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх ёстой. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа энэ ажлуудыг хийгээд өнөөдөр Тавантолгойгоос Сайншанд хүртэл 410 км төмөр зам, авто зам, усны нөөцийн хайгуулыг хийсэн. Энэ хөрөнгөө өнөөдөр Засгийн газар 2 тэрбум ам.доллароор үнэлж болно. Одоо бид үүний татан буулгаж байхаар 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийчихлээ, үүнийгээ 34 хувь гэж үнэлж байна" гэсэн тайлбарыг өгсөн юм.
Тус цогцолбор нь уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах зорилготой байв. Анх төслийг эхлүүлж, төрийн өмчит компани байгуулахдаа 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байжээ. Ингээд тус цогцолборт 2013 онд улсын төсөв болон Хөгжлийн банкны санхүүжилтээр нийт 26 тэрбум төгрөг олгосон байна. Энэ бол төсвийн мөнгө уйлдаггүй гэдгийг харуулж буй ганц л жишээ.
Сайншандын аж үйлдвэрийн парк гэх цаасан дээрх төсөлд нь 30 орчим тэрбумыг өгчихөөд мөнгөө ч авч чаддаггүй, татан буулгах ч боломжгүй болжээ. Хатуухан хэлэхэд "үхдэг" ч үгүй, сэхдэг ч үгүй гэдэг болсон бололтой.