alim.mn | 2024.12.22
Эрдэнэтэд таван тэрбум төгрөгөөр 5 жил бурхан бүтээсэн түүхтэй

Одоогоос 10 гаруй жилийн өмнө тухайн үеийн Засаг дарга Г.Шархүү Эрдэнэтэд 2.8 тэрбумаас гурван тэрбум төгрөгөөр бурхан барих ажилд ханцуй шамлан орсон. Аймгийнхаа жилийн төсвийн талаас илүү мөнгийг бурхан барих ажилд зарцуулахаар болсон гэсэн үг. Г.Шархүү 2004 оны сонгуулийн дараахан Эрдэнэтээ хөгжүүлнэ гээд гэнэт хаанаас ч юм гараад ирсэн гэдэг. Тухайн үедээ Г.Шархүүг Засаг даргаар тавихгvй гэж Орхоны Ардын намынхан эсэргүүцсэн. Харин энэ үеэр дээрээс намын Удирдах зөвлөлөөс Ц.Нямдорж ирж, эсэргүүцлийг нам дарж, Г.Шархүүг Засаг дарга болгож байв.  Тэр хүн хийсэн ажлаар тааруу. Харин зэсийн үнэ дэлхийн зах зээлд 7000 ам.долларт хүү өссөн. Харамсалтай нь, үнэ нь тэнгэрт хадаад буй зэсийнхээ 1000 тонноор нь бурхан цутгасан. 17 метр өндөр, 15 метр суурьтай, бараг 3 тэрбумын өртөгтэй бурхныг зөвхөн зэсээр цутгахад нэг тэрбум төгрөг. Бурхан бүтээхэд орох материалын хэмжээ Монголдоо дээд амжилт тогтоосон. Бурханы шүншигт гэхэд л 20 тонн арц орсон аж. Энэ ажилд "Эрдэнэт үйлдвэр" нэг сая ам.доллар хандивласан. 2007 онд хийхээр төлөвлөсөн бурхнаа бариад л байдаг, бариад л байдаг. Тэгээд 2011 оны долдугаар сард тэмдэглэсэн Эрдэнэт хот буюу Орхон аймгийн 35 жилийн ойг угтсан сүр дуулиантай “бүтээн байгуулалт”-уудын хамгийн том нь Бурхан багшийн сэрэг дүрийн цогцолбор байсан.

Таван жилийн өмнө эхэлсэн энэ бурхны нийт төсөвт өртөг 4-5 тэрбум төгрөгт хүрсэн. Анх иргэд, компаниудын хандиваар босгохоор төлөвлөсөн ч, “шаварт унасан шарын эзэн, саалийн үнээ”  ГОК голлож санхүүг нь бүрдүүлжээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн зөвлөлийн хуралдаанаар 2.5 сая доллар буюу 2,8 тэрбум төгрөгийг баталж, бурхны сэрэг дүрийг өнгөт металлаар (зэсээр) цутгажээ. Гэтэл эргэн тойрны тохижилт, зам талбайн ажил дуусаагүй гээд Орхон аймгийн төсвөөс жил бүр 200 гаруй сая төгрөг хуваарилж ирсэн. Анх тооцоолсноос илүү том зардал шаардагдсан гээд 2012 онд 250 сая төгрөгийг төсөвлөөд зарцуулсан. Нохойн хөшөө барьсан Б.Батзориг "Баянзүрхийн савдаг банхар нохой, Энэ хөшөөг босгоод эх хүүхдийн эндэгдэл буурсан" гэж хэлсэн. Эрдэнэтэд бурхан бүтээгээд хүн зоны амьдрал сайжирсан уу гэвэл хариулах дарга олдох болов уу. 

 Мөн тэр үед Эрдэнэт хот байгуулагдсаны 35 жилийн ойг хоёр өдрийн турш тэмдэглэхэд төсвөөс 500 сая төгрөг зарцуулсан. Энэ мөнгөөр аймгийнхаа 25 мянган өрхөд Солонгос улсад үйлдвэрлэсэн ханын цаг, Эрдэнэт хотын зурагтай календарь өгчээ. Мөн Орхон аймгийн хүндэтгэлийн өргөөг 85 сая төгрөөр барьсан бол “Эрдэнэтийн овоо” дуунд зориулсан хөшөө, мөн ойд зориулж анхны илгээлтийн эздийн амьдралыг харуулсан “Дурсамж төгсгөл үгүй” уран сайхны кино хийжээ. Энэ бүгдийн Ерөнхий продюсер нь тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Ц.Бат-Энх байж хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхойгүй үлдсэн. Орхон аймгийн Засаг дарга асан Г.Шархүү ор сураггүй алга болсон. Харин Эрдэнэтэд нэр дэвшихээр яваа Ц.Бат-Энхээс иргэд энэ бүхнийг асууж нүүрийг нь улайлгаж, нүдийг нь бүлтэлзүүлэх вий...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ