alim.mn | 2025.04.19
Н.Өнөржаргал: Рагу гурван сарын хугацаатай Монголд ирсэн ч, надтай танилцаад үлдэхээр шийдсэн

-Таны аав төрийн соёрхолт, доктор профессор, угсаатан зүйч Нямбуу багшийг маш их зүйл хийж бүтээж байсан гэдэг юм билээ. Таны аавын талаар яриагаа эхлэх үү?

-Манай аав  Хандын Нямбуу гэж доктор профессор угсаатан зүйч хүн байсан. Мөн ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан л даа. Төрийн ордонд байршуулсан есөн цагаан тугийг ёс заншлынх нь дагуу яаж бэлдэх вэ, томоохон уул хайрхнуудыг яаж тахиж дээдлэх ёстой вэ гэдгийг бүгдийг нь зөвлөдөг байсан. Гэхдээ одоо нэг үеэ бодвол монголчууд маань уул усаа сайхан тахидаг болсон байна лээ. Түүнээс гадна аав маань 30,40-өөд ном бичсэн. Бичсэн номноос нь хамгийн том зохиол нь “Монгол хувцасны түүх” гэж ном байсан. Харамсалтай нь номынхоо эх хувийг бичиж дуусгаад хэвлүүлж амжаагүй зүрхний шигдээсээр өөд болсон юм. 60 насных нь ойгоор манай ээж, дүү бид гурав аавынхаа шавь, анд нөхөдтөй нь хамтарч номыг нь хэвлэж гаргасан. Тэр үед Азийн сангийн төлөөлөгч хийж байсан Стивен Ноерпер гуай их тусалсан. “Монгол хувцасны түүх” гэдэг номыг гадаадад нэлээн их ашиглагддаг юм билээ. Дараа нь манай дүү Золжаргал аавынхаа номыг ашиглаж, дахин ном гаргасан л даа. Дүү маань МУИС-ийн Олон улсын харилцааны ангийг дипломатч мэргэжлээр төгсөөд, Америкт Нью-Йоркийн их сургуульд урлагийн чиглэлээр магистр хамгаалсан. Тэгээд аавын бичсэн ном болон, Нью Йоркийн их сургуульд үзсэн бүх номноосоо тулгуурлаад Англи хэл дээр ном бичсэн юм. Дүүгийн маань бичсэн ном Монголд төдийгүй Америкт нэлээн нэр хүндтэй болсон гэсэн.

-Та Монгол банкинд эдийн засагч хийдэг. Монгол банкинд ажиллаад хэр удаж байгаа вэ?

-Одоо би гадаадад сурах зорилгоор Монгол банкнаас чөлөө авчихсан байгаа. Би Америкт Эдийн засгийн чиглэлээр магистр хамгаалаад, одоо Нью Йоркийн их сургуульд үргэлжлүүлэн, тэтгэлгээр доктор хамгаалахаар сурч байгаа. Мөн сурахынхаа хажуугаар Швейцарийн Женев хотын НҮБ-ын харъяа олон улсын хөдөлмөрийн байгууллагад давхар зөвлөхөөр ажилладаг. Америк явахаасаа өмнө гурван жил Монгол банкинд эдийн засагчаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа би Монгол улсын төлбөрийн тэнцлийг хэрхэн зөв гаргах, аргачиллыг хэрхэн сайжруулах, мөн төлбөрийн гадаад тэнцэл дээр тулгуурлаад Монголын  эдийн засгийг бүхэлд нь макро эдийн засгийн үзүүлэлтүүдтэй холбон дүн шинжилгээ хийдэг ажил хариуцаж ажиллаж байсан. Монголд ирж ажиллахаасаа өмнө би Бээжингийн их сургуульд банк санхүүгийн мэргэжлээр  таван жил сурсан юм. Тиймээс би хятад хэлийг маш сайн эзэмшсэн л дээ. Мөн Монгол банкинд ажиллаж байх хугацаандаа Монголын төв банк, Хятадын төв банк хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хариуцан ажиллаж байсан юм. Жил болгон Хятад Монголын банкуудын хоорондын уулзалтыг зохион байгуулна. Хэрвээ Монголын арилжааны банк, Хятадын арилжааны банк ч юм уу, төв банктай холбоотой ямар нэгэн асуудал гарвал бүгдийг нь би хариуцах үүрэгтэй. Мөн давхар Олон улсын вальютын сан, ялангуяа Дэлхийн банктай хамтарч нэлээн олон судалгааны ажлыг зохион байгуулан ажилласан. Ерөнхийдөө би макро эдийн засагт нэлээн сонирхолтой. Макро эдийн засгийн тогтвортой бодлого, хэрхэн эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх вэ, ялангуяа мөнгөний тэлэх бодлого байгаа бол мэдээж хэрэг эдийн засгийг өргөжүүлж өгдөг чухал үүрэгтэй боловч саяын хямралын улмаас бүх банкуудыг хумих бодлого явуулж эхэлсэн. Түүнээс гадна Эдийн засгийн тогтвортой хөгжилд ямар хүчин зүйл чухал вэ гэхээр сүүлийн үед, ялангуяа Европын банк, Засгийн газар нь маш их хөрөнгийг байгальд ээлтэй эдийн засгийг хөгжүүлэхэд зарцуулж байна. Тэгэхээр хамгийн их мөнгө зарж байгаа нь Европ. Сүүлийн үед Хятадын засгийн газар бас маш их мөнгө зарж байгаа. Хятадын засгийн газрын хямралын эсрэг явуулж байгаа сангийн бодлого дотроо маш их хөрөнгийг яаж сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх вэ, жишээ нь барилга байшингийн эрчим хүчний алдагдлыг хэрхэн бууруулах  тал дээр ажиллаж байна. Мөн сүүлийн үед хамгийн их олны анхаарлыг татаж байгаа зүйл бол машины үйлдвэрлэл. Тэр  дундаа түлш маш бага иддэг машин үйлдвэрлэх тал дээр ажиллаж байгаа. Европын ихэнх улс оронд электрон буюу цахилгаан машиныг хэрэглээд эхэлчихсэн. Бүх улс орнууд ногоон эдийн засгийг нэлээн дэмжиж байна. Манай улсад өвөл болохоор тулгамддаг нэг асуудал утаа гэдгийг бид бүгд мэднэ. Сүүлийн үед манай Монголын эх баригчид ярьж байна л даа. Утаагаа бууруулъя, гадны технологийг Монголдоо нэвтрүүлье, ногоон хөтөлбөрүүдийг дэмжье гээд. Энэ тал дээр би их сонирхож, ажиллаж байгаа л даа. Бусад улс орнуудын туршлагыг судалж байна. Түүнээс гадна би уул уурхайн талаар гадаад багш нартайгаа нийлж хэд хэдэн судалгааны ажил судалж бичсэн. Бид уул уурхайн нөөцөө ерөөсөө барагдашгүй гэж боддог. Гэвч хугацаа өнгөрөх тусам шавхагдаж байгаа. Тийм учраас яаж ашигтайгаар нөхөн олборлох вэ гэдэг зүйл чухал болоод байна. 

-Нямбуу гуйг олон ном бичсэнээс гадна нэлээд хэдэн киноны зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг юм билээ?

-“Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Мандухай сэцэн хатан” зэрэг нэлээд олон киноны зөвлөхөөр ажиллаж байсан юм.  Хөдөө их явдаг хүн байсан.  Ялангуяа Хөвсгөл аймгийн  хүн бараг очоод байдаггүй ууланд очиж, цаатнуудын амьдралыг судална. Хааяа дүү бид хоёр аавыг дагаж хөдөө явна. Түүхэн киноны зураг авалтыг хийж байх үед дүү бид хоёр 8,9 настай хүүхдүүд байдаг байлаа. Мэдээж кино зураг авалтан дээр хүүхдүүд маш их хэрэг болно. Ялангуяа 13-р зууны үеийн дээл өмчихсөн хүүхдүүдтэй хамт дүү бид хоёр бас монгол дээл өмсчихсөн зураг авалтанд нь орно. Манай дүүг монгол дүр төрхтөй болохоор зураг авалтанд их оруулна. Намайг араас юм уу, хажуунаас нь зураг авна. Тэгэхээр аав маань  “Яагаад манай шар охиныг авахгүй байна” гээд асууна. Харин найруулагч нь “Нямбуу гуай, монгол төрхтөй хүүхдүүд дундаас танай шар охин жаахан ялгараад байх юм” гээд учирлаж хэлнэ. Тэр үед их сайхан байдаг байж дээ. Зун болохоор ямар киноны зураг авалт болох бол гээд их хүлээдэг байлаа. Мөн аав маань бага залуудаа Бямбын Ренчин гуайн шавь нь байсан юм. Тухайн үед аав Ренчин багшийг дагаад хөдөө их явдаг байсан гэсэн. Цагаан сар болоход хэрхэн золгох, яаж ууцаа зөв байршуулж тавих зэрэг цагаан сарын ёс заншлыг телевизээр байнга аав л тайлбарлана. Энэ бүгдээсээ үндэслээд Монгол ёс заншлын Бага тайлбар толь, Их тайлбар толь, Цээрлэх ёс, Угсаатны зүй гээд маш олон ном гаргаж байсан.  Их сургуулиудад эдгээр номууд нь бүгд ашиглагдаж байгаа. Ерөнхийдөө манай гэр бүлийнхэн бүгдээрээ эрдэм мэдлэгийг их дээдэлдэг хүмүүс. Аавын маань хөрөг нэвтрүүлэг зурагтаар гарч байсан л даа. Тэр үед үндэсний телевизийн Ёолк ах ааваас “та ямар баялагтай вэ” гэж асуухад, аав  “хүний хамгийн гол баялаг бол эрдэм мэдлэг” гэж хэлж байсан. Тэр үг нь одоо хүртэл миний санаанаас гардаггүй юм.  Хэрвээ  эд хөрөнгийг баялаг гэж үзвэл нэг л өдөр газар хөдлөхөд тэр баялаг нь алга болно. Эд баялгаа алдсан хүмүүс алдсан эд зүйлийнхээ араас харамсч бүтэн нойртой хонохгүй шүү дээ. Алдсан баялгаа бодсоор байгаад түүндээ эзэн болох биш, тэр нь өөрийнх нь эзэн болно. Харин тухайн хүн эрдэм мэдлэгтэй байхад хэзээ ч тэр хүнээс эрдэм мэдлэг нь салахгүй. Бусад хүмүүс тэрийг нь аваад явчихгүй ш дээ.  Аав дүү бид хоёрыг бага байхад монгол бичиг зааж өгсөн. Өөрөө бүх юмаа монгол бичгээр бичдэг хүн байсан.  Мөн гадаад хэл сурах ёстой, гадны соёлыг суралцах хэрэгтэй гээд маш их зүйлийг зааж өгдөг байсан. Тухайн үед манайд Англи, Франц, Герман, Хятад, Япон гээд маш олон гадаад хэл дээр гарсан ном байдаг байсан. Аав эдгээр хэлийг бүгдийг нь өөрөө оролдож сурсан. Дүү маань одоо Герман, Франц, Англи хэлтэй. Би Англи, Хятад хэлтэй. Сүүлийн хагас жил Франц хэл сурч байгаа. Энэ олон хэлийг сурахад аавын номын сан, толь бичгүүд нь маш их үүрэг гүйцэтгэсэн.    

-Рагутай анх хэзээ танилцаж байсан юм бэ?

-Рагу бид хоёр Монголд танилцаж байсан. Би Бээжинд сургуулиа төгсөөд Монголд ирээд дөнгөж долоо хонож байхдаа Рагутай танилцсан юм. Манай  Нацагаа гэдэг нэг найз маань дүү бид хоёрыг Монголд ирсэн дээр нь уулзъя гээд уулзсан чинь Рагу найзтай маань хамт ирсэн. Тэгээд Рагутай Англиар чөлөөтөй ярилцаад, эхэндээ их сайхан найзууд болсон. Тэгэхэд Рагу Монголд гурван сарын хугацаатай дуучин Болдын “МВ” продакшны зураг төслийг нь гаргах гээд ирчихсэн байсан юм билээ. Тэр хугацаанд бид хоёр бие биенээ ойлгож, бие биендээ татагдаж Рагу Монголд нэг жил үлдэхээр болсон. Түүнээс хойш бид хоёр гурван жил үерхээд, дараа нь гэрлэе гэж шийдээд бид Сингапурт хуримаа хийсэн.

-Хадмууд чинь Монгол бэрээ ямархуу хүлээж авсан бэ? Рагу танаас өмнө Сингапуртаа гэр бүлтэй байсан уу? Мэдээж Монгол, Сингапур гэсэн хоёр улсын ёс заншил өөр. Сингапур хүнтэй гэр бүл болоход ёс заншлыг нь дагана гээд хүндрэлтэй зүйл гарах уу?

-Бид хоёр хадмууд дээрээ жил болгон очиж уулздаг. Хурим хийхийнхээ урьд жил нь бас очиж байсан. Манай Рагугийн аав ээж нь их сайхан хүмүүс байдаг юм. Ээж нь эмч, аав нь цагдаагийн газар ажиллаж байсан. Рагу маань нэлээн боловсролтой айлын хүүхэд. Манай Рагугийн гэр бүл Энэтхэг гаралтай л даа. Сингапурт анх энэтхэгчүүд нүүж ирж байх үед өвөг дээдэс нь нүүж ирж байсан юм билээ.  Рагу урьд нь огт гэр бүлтэй байгаагүй ээ. Хэрвээ гэр бүлтэй байсан бол эмээ нь зөвшөөрөхгүй байсан байх. Яагаад гэхээр эмээ нь нэлээн шашинлаг талдаа, Энэтхэг зан заншлаараа хүн учраас ач, гуч нараа Энэтхэг хүнтэй нь гэр бүл болгох дуртай байсан байх. Бид хоёр анх эмээгээс нь жаахан санаа зовж байсан л даа. Анх аав, ээж дээр нь очиж уулзаад эмээ дээр нь очих болоход нэлээн сандарсан. Дараа нь эмээтэй нь очиж уулзахад намайг маш сайхан хүлээж авсан. Настай хүний совин байдаг юм уу, би эмээд нь их таалагдсан. Урьд нь Рагу Филипин найз бүсгүйтэй байсан юм билээ. Тэр бүсгүйгээ эмээ дээрээ дагуулж очиход нэг их сайн ханддаггүй байсан гэж Рагу өөрөө ярьдаг юм.

-Танай ээж чинь Монгол хүн болохоор Рагуг сайхан хүлээж авсан биз дээ? Рагу хэр сайн хүргэн бэ?

-Аав маань хичнээн өөрөө уламжлал зан заншлаа дээдэлдэг хүн байсан ч дүү бид хоёрт гадны соёлыг сурахыг нь сурч, хаяхыг нь хаях хэрэгтэй гэж хэлдэг байсан. Би бодохдоо хэрвээ аав минь  амьд сэрүүн байсан бол намайг гадаад хүнтэй суулаа гэж огт дургүйцэхгүй байсан гэж боддог. Манай дүү бас Америк нөхөртөй. Ээж маань их нээлттэй хүн байдаг. Та нар өөрсдөө ойлголцоод бие биенээ дэмжээд сайхан амьдарч байвал хамаагүй гэж хэлдэг. Ээж маань их тэсвэр хатуужилтай сайхан хүн байдаг. Аавыг маань өнгөрсөн хойно ээж маань хоёр охиныхоо төлөө их зүтгэж байж бид хоёрыг сургууль соёл төгсгөсөн. Бид хоёр сайн сураад сайн явна гэдэг ээжийн маань л ач шүү дээ.  Ээж маань олон жил эмч хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо Монгол, Америк хоёрын хооронд ирж очин байдаг. Намайг гадагшаа явсан хойгуур Рагуд маань маш их тусалдаг. Рагу манай ээжид маш сайхан ханддаг. Ээж гэхээр надаас илүү хөлөө хугалчих шахам гүйдэг ш дээ.  

-Та найз залуутай байсан уу? Хүүхдийн талаар та хоёр мэдээж ярилцдаг биз дээ. Хэзээ хүүхэдтэй болох гэж байна?

-Бид хоёр хүүхдийн талаар яарахгүй байгаа. Миний хувьд эхний ээлжинд ямар ч байсан доктороо хамгаална гэсэн бодолтой байгаа. Одоо чинь хүмүүс ер нь 35, 40 нас хүрээд хүүхэдтэй болдог болсон шүү дээ. Тиймээс гучин хэд, дөч хүрсэн ч нэг их оройтохгүй гэж бодож байна. Ер нь хэн хэн нь завгүй байгаа үед хүүхэд бол яарах хэрэггүй гэж Рагу бид хоёр ярьдаг юм.  Рагутай учрахаас өмнө, гэр бүлтэй болохоосоо өмнө би ихэнх цагаа сурч өнгөрүүлсэн болохоор найз залуу, гэр бүл надад байгаагүй. Өнгөрсөн хугацаанд би найман жил тасралтгүй сурсан байна лээ. Хятад сурч байхад Бээжингийн их сургууль намайг 2004 оны шилдэг оюутнаар шалгаруулсан.  Бээжингийн их сургуулийг хятадууд өөрсдөө хятаддаа номер нэг сургууль гэж ярьдаг. Энэ сургуульд эдийн засгийн чиглэлээр монгол оюутан огт сурч байгаагүй юм билээ. Хориодхон гадаад оюутнуудаас ихэнх нь Солонгос оюутан, хоёр нь Орос, Монголоос ганц би сурдаг байсан. Манай сургуулийн багш нар монгол оюутан байна ш дээ гээд их гайхдаг байсан. Яагаад гэвэл багш нар маань урьд нь хэзээ ч Монгол оюутантай уулзаж үзээгүй байсан юм билээ.   Монгол улсаас Бээжинд суугаа Элчин сайдын яамнаас жил болгон Хятадад сурч байгаа бүх Монгол оюутнууд дундаас шилдэг оюутан шалгаруулдаг юм. Тэр жилдээ би Хятадад сурч байгаа шилдэг Монгол оюутнаар бас шалгарч байсан. Бээжинд сурч байх хугацаандаа би Элчин сайдын яаманд ажиллаж байсан, энд сайд байсан талийгаач Уламбаяр ахын туслах орчуулагч хийдэг байсан юм. Тухайн үед надад ажлын их туршлага болсон л доо. Яагаад гэвэл би ажлын шугамаар олон бизнесийнхэнтэй уулздаг байсан. Тэр үеэс л анх төв банкныхантай уулзаад орчуулагч хийж явдаг байсан. Харин дараа нь Монгол банкнаас надад ирж ажиллаач  гэсэн санал тавьсан.

  -Та хоёр цаашдаа Монголдоо амьдаръя гэсэн бодол байгаа юу, эсвэл Сингапурт ч юм уу?

-Ерөнхийдөө би Америкт сураад амьдарч байвал Рагу Америкт ирж очин байдаг. Бид хоёр энэ өвөл Америкт байж байгаад Рагуг Балхаа ирж шүүгч хийгээч ээ гээд дуудаад Рагу түрүүлж ирсэн л дээ. Яг цаашдаа хаана амьдрах талаар ярилцаж амжаагүй байгаа. Одоохондоо ирж очоод л явж байна.

-Рагу “Universe Best songs”- шүүгчээр гэрээтэй ажилладаг биз дээ. Гурван жил ажилласан байх аа. Энэ хугацаанд хэдэн төгрөгний гэрээтэй ажилласан бэ?

-Жил болгон гэрээ хийдэг. Мөнгө төгрөг нь тухайн үеийнхээ нөхцлөөс шалтгаалаад  гэрээгээ хийчихдэг. Мэдээж жил болгон мөнгөний ханш өсч, юмны үнэ нэмэгдэж байгаа гэдэг утгаараа гэрээнийх нь мөнгө тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Ер нь хоёр талдаа тохиролцоод боломжийн хэмжээнд ажилладаг.

 -Хөгжмийн боловсрол маруухан Сингапур залуу манайд ирж шүүгч хийлээ, Монголын маань удам угсаа болсон залуусыг “мэдрэмжгүй”, “чадвар”-гүйгээр нь дуудлаа гэж дургүйцэх хүн гадуур байдаг юм билээ. Та гэр бүлийнх нь хүн учраас энэ тал дээр ямар хариулт өгөх вэ?

 -Нэг юмыг сайн хэлэх хэрэгтэй байх. Рагуг шүүгч хийхэд хүмүүс ямар ч хөгжмийн боловсролгүй, зүгээр нэг хүн ирээд шүүгч хийж суулаа гэсэн ойлголттой байдаг. Рагу маань мэргэжлийн түвшинд дуу бичлэгийг суралцсан. Сингапурт сурсныхаа дараа Лондонгийн “Мидлсэкс”-ийн /Аудио инженерийн сургууль/ сургуульд дөрвөн жил сураад,  манайхны хэлдгээр улаан дипломтой төгсөж байсан юм билээ. Төгссөнийхөө дараа сайн суралцаад оюутнууддаа багшилж байсан гэсэн. Тийм болохоор мэргэжлийн түвшинд суралцсан гэж болно. Мөн суралцахынхаа хажуугаар Америкийн том студиудэд дадлага хийж ажилладаг байсан. Сая Америкт над дээр очиж дөрвөн сар болохдоо Америкийн хамгийн том студи болох “Платинум рекордс” студид ажиллаж байгаад ирсэн. Тэгэхээр тийм том студид мэдээж мэргэжлийн хүн л ажиллана шүү дээ. Ер нь ихэнх том студиудтэй холбоотой ажилладаг. Рагугийн Монголд байгаа зорилго нь Монголын рок попынхны дууг гадаадын том студид бичүүлж, мэргэжлийн түвшинд дуу хийе гэсэн зорилготой ажиллаж эхэлсэн байгаа. Яагаад гэхээр гадаадын томоохон студиудыг хариуцаж ажилладаг хүмүүстэй нь Рагу танил учраас Монголын рок попынхныг тэдэнтэй холбож өгөх журмаар ажиллаж байгаа. Урлагийн боловсролын тал дээр би Рагугийн чадавхыг маш сайн гэж хэлж чадна. Рагугийн диплом, сургууль төгссөн гэрчилгээ нь бүгд манай гэрт байгаа. 

-Рагу та хоёр 5 дугаар сургуулийн баруун талын хуучны гурван давхар шар байранд амьдардаг гэсэн байх аа?

-Бид хоёр ер нь их энгийн байхыг боддог. Бид нийлж байгаад 2 өрөө байр авсан юм. Яагаад 5 дугаар сургуулийн тэнд авсан гэхээр бид хоёр машин барьдаггүй болохоор такси барихад хотын төвд гэж бодоод тэнд сонгосон юм.

-Мэдээж “Universe best songs” тэмцээний  хамгийн гол үүрэг гүйцэтгэгч нь шүүгч. Та нөхрийгөө хэр сайн шүүгч гэж дүгнэдэг вэ?

-Эхний жилүүдэд би Рагуг нэлээн хатуу байсан гэж боддог. Яагаад гэхээр хэт үнэнч шударга, анх удаа шүүж байсан болохоор тухайн оролцогч муу дуулсан бол шууд муу гээд хэлчихдэг. Гадаад хүн болохоор Монгол хүнээс илэрхийлэх арга нь өөр байдаг байх л даа. Монгол хүмүүс болохоор найрсгаар тэнцсэнгүй гэж хэлдэг бол гадаадынхан шууд шоконд орохоор шулуухан хэлчихдэг байх гэж боддог.  Гэхдээ шууд шүүмжлээд хэлэхэд тухайн оролцогч нь илүү сайн өөртөө тусгаж хүлээж авдаг гэдэг юм билээ. Барууны соёл өөр учраас шууд шулуун шударга хэлчихдэг болохоор Ази хүн хүлээж авах нь жаахан тааруу байдаг юм болов уу гэж боддог. Мэдээж бүх хүн төгс байхгүй шүү дээ. Рагуд таалагдаагүй оролцогч үзэгчдэд таалагдаж болно. Гэхдээ мэргэжлийн хүн гэдэг утгаараа биднээс өөр шүү дээ. 

-Рагу Монголоор ойр зуурын үгээ сайн ярьдаг болсон юм шиг билээ. Та хоёр гэртээ Англиар ярьдаг уу, Монголоор ярьдаг уу?

-Бид хоёр гэртээ ихэнхдээ Англиар ярьдаг. Гэхдээ надаас Монголоор энийг яаж хэлэх вэ гээд байнга асуудаг юм. Одоо Монголд удаж байгаа болохоор монгол хэлээр бага зэрэг яриад монголчуудтай нэлээн дасан зохицож байгаа. Анх Монголд ирээд Монголын нарыг нэлээн хурц, амьсгалахад хэцүү байдаг гэж ярьдаг байсан. Одоо бол өөр болсон.

-Зурагтаар  олны танил болчихсон гадаад залууг Монгол охид бүсгүйчүүд эргүүлэх тал танд анзаарагддаг уу?

-Бид хоёр гадуур алхах их дуртай. Хотын төвөөр алхаж байхад Монгол охид Рагуг хараад сүйд болно. Манай Монголын охид их сайхан болсон байна лээ. Рагу бид хоёр дээр ирээд мэндэлнэ. Ер нь би маш их нээлттэй хүн ш дээ. Мэдээж хүмүүс хоорондоо мэндэлж байхад би тийм зүйл дээр их нээлттэй байдаг. Харин ч их баяртай байдаг шүү. Манай охид гадаадын хүнд таалагдаж байна. Охидууд маш сайхан харьцаатай болсон байна.         

 

-Ярилцсанд баярлалаа


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ