alim.mn | 2024.10.19
Ногоон 100 автобуснаас 94 нь гэрэл, 71 нь утаа, 8 нь тоормосны асуудалтай байгааг дүгнэж 1 автобус л шалгалтад тэнцжээ

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд  БНСУ-ын "Daewoo" брэндийн 2023 оны шинэ загварын 600 автобус худалдан авахаар гэрээ хийсэн. Ингээд эхний 100 автобусыг өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатарт авчирсан билээ.  

Олны нүд хурц, орж ирсэн даруйдаа хуучин автобус гэдэг нь мэдэгдэж, иргэдийн дургүйцлийг төрүүлж, их ч шүүмжилсэн. Тэр үед хуучин автобус гэдэг нь худал ташаа хэмээн зарлаж, иргэдэд эхний 20 автобусыг Төв талбайд олны өмнө танилцуулж билээ.

Саяхан тавдугаар сарын 21, 22-нд нотлох баримт шинжлэн судлах нээлттэй сонсгол  болсон. Даанч АН-ын сонгуулийн жагсаалт, тойргийн маргаанд дарагдаад өнгөрлөө. Автобусууд Евро-5 биш, Евро-2 хөдөлгүүртэй, шинэ байтугай үйлдвэрийн технологийн бус аргаар угсарсан нь ил болж, "цавчаа ногоон" гэх нэр зүүлээ.

   АТГ-аас автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарсныг тогтоон, хохирол нь 134.5 тэрбум төгрөг болсон гэж үнэлжээ. Үүнээс11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байна.

     Тус сонсголд нийт 98 гэрчийг дуудсан ч тал хувь нь иржээ. Хотын дарга асан Д.Сумъяабазар сонсголд огт ирсэнгүй. Хүрэлцэн ирсэн Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар сонсголын үеэр “Би сайд болоод автобустай орооцолдъё гэж бодоогүй. Гэхдээ эхнээсээ шатаад эхэлсэн нь намайг цочирдуулсан” гэлээ.

 Нийтийн тээврийн парк шинэчлэл хийх нэрийн дор автобус худалдан авахдаа 318 тэрбум төгрөгийг ямар ч тендергүй буюу сонгон шалгаруулалтгүй “Тэнүүн-Огоо” компанийг шалгаруулсныг Түр хорооны шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна.

Ногоон автобусыг шинжлэхэд 100 автобусанд Евро 5 бус Евро 2 хөдөлгүүртэй, урд хойд тэнхлэг хийн нум амортизаторгүй, чиглэлийн дугаар хаягийг байршуулах цахим дэлгэцгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан шат, тавцангүй байжээ. Мөн  автобусны кузовыг үйлдвэрлэлийн нөхцөлд технологийн шаардлагын дагуу будаагүй, бусад эд анги руу нь давуулсан байдалтай. Эд ангиудыг болхи гагнаасаар холбосон. Хөдөлгүүрээс дулаацуулах төхөөрөмж рүү холбогдох зангилааны хэсгийг силиконоор, бусад засварыг барилгын хөөсөөн дүүргэжээ.  Нэг ёсондоо хуучин автобусыг засварласан нь нотлогдов. Мөн БНСУ-ын "Wonnam GLC CO LTD" тээвэр зуучийн компани анх Солонгос Улсаас Монгол Улс руу "ашигласан" автобусыг тээвэрлэнэ гэдэг албан бичиг хүргүүлж байжээ.

Daewoo BS 106 маркийн ногоон автобусны үйлдвэрлэгчийн таних тэмдэг буюу VIN дугаарын арал дээр байршил пайз нь ган төмөр дээр арлын дугаарыг шивэх ёстой байдаг. Харин ногоон автобусны пайз хуванцар дээр гараар шивсэн байжээ. Албан ёсны сайтад арлын дугаарыг бичин хайлт хийхэд олдоогүй гэнэ.

Мөн ирсэн даруйд анх “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын техникийн хяналтын үзлэг хийхэд тус 100 автобуснаас 94 нь гэрэл, 71 нь утаа, 8 нь тоормосны асуудалтай байгааг дүгнэж 1 автобус л шалгалтад тэнцсэн гэнэ.

Ногоон автобусыг анх орж ирэх үед Гаалийн Ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв шалгаагүй учир нь Засгийн газрын 464-р тогтоолоор шинэ автобуснуудыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлнө гэх тогтоол гарчээ. Ингэснээр тухайн автобуснуудыг гаалийн 5.6 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлсөн байна.  Мөн дээрх тогтоолд үндэслэн Тэнүүн-Огоо компани гаалийн бүрдүүлэлтээ хийжээ.

   Сонсголоор УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хуучин автобус оруулж ирэн хулгай хийчхээд ямар том байна аа. Та нар УИХ-ын гишүүн рүү заналхийлж байна шүү дээ. Дэлхийн хаана ч худалдан авах ажиллагаагаа төрийн нууцад хамааруулдаггүй юм. Зөвхөн батлан хамгаалахын салбарт л хамаатай асуудал. Одоо бүүр хулгай хийх гэж ганц барилга барихдаа хүртэл үндэсний аюулгүй байдалд оруулдаг болчихсон. Автобус худалдан авах нь үндэсний аюулгүй байдалтай хамаагүй шүү. Тэгээд яах уу, бид бүх үйлдлээ үндэсний аюулгүй байдал гээд байж байх юм уу" гэв.

Сонсголд худалдан авах ажиллагаанд оролцсон төрийн албан хаагчид оролцсон бөгөөд Засгийн газрын тогтоол болон Нийслэлийн Засаг даргын тамгын газраас шахан удирдлагынхаа үүрэг чиглэлийн дагуу ажилласан. Гэвч өнөөдөр энэ хэргийн  хариуцлагыг хүлээх гэж байгаад харамсаж байна гэж байлаа.

Нэг автобусны үнэ 336 сая төгрөг, нийтдээ 420 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулган автобус авах гэсэн ч том авлига албан тушаалын хэрэг боллоо. "Цавчаа ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хурал зургаадугаар сарын 17-нд болно. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ