alim.mn | 2024.10.19
Би Жаргалсайханыг УИХ-ын гишүүн болно гэхэд дургүй байсан

-“Лайвчин” Мөнх-Эрдэнэ, УИХ-ын шинэ гишүүн Д.Жаргалсайхан таны дүү гэнэ. Ямар холбоотой юм бэ?

-Мөнх-Эрдэнэ миний ээжийн төрсөн эгчийнх нь зээ. Өөрөөр хэлбэл миний ээжийн төрсөн эгчийн охиных нь хүү. Ээжтэй нь би үеэл, Мөнх-Эрдэнэ миний бүл. Жүдогийн М.Уранцэцэг бас миний бүл дүү. Жаргалсайхан бид хоёр яс нэгтэй ахан дүүс. Би аав, ээж хоёрынхоо хамгийн том хүүхэд нь. Намайг мэндэлсний дараа тус тусдаа өөр амьдралтай болсон. Эх нэгтэй 7 дүү, аав нэгтэй 7 дүү бий. Тэдэнтэйгээ ойр байлгүй яах вэ, гэхдээ ааш араншин бол өөр. Аав Дамдинсүрэн, ээж Чимэдсүрэн хоёрын дундаас нэг л Галбадрах гарсан юм. Гарах өдрийн гариг, төрсөн өдрийн төөрөг, олдох өдрийн эрчим энэ тэрээс болдог биз, хүн болгон өөр байдаг.

Монголчууд “Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй, Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов” гэдэг. Би хүний эрхэнд жаргаж зовсноос өөрийн эрхээр зовж жарга гэдэг филисофитой хүн. Манай дүү нар их ажилсаг хөдөлмөрч, аминдаа зөв явж байгаа, тус тусдаа бие даасан хүмүүс.

Би Жаргалсайханыг УИХ-ын гишүүн болно гэхэд дургүй байсан. Дэмий дээ гэдгээ ч хэлсэн. 2017 онд Баттулга ЕТГ-таа ажилд авна гээд, би бас дургүй л байсан, “Хэрэггүй ээ, миний дүү залуу хүн гадагшаа, Англид сургууль соёлд яв” гэсэн, миний саналыг хүлээж авах боломжгүй байсан юм уу, цаанаас нь шахсан юм уу? Сая миний хамгийн дургүй хүрсэн юм юу гэвэл “Намайг л сонгоод аль болохоо байлаа шүү. Улс эх орныг чинь зарж худалдах гэж байна. Аргаа бараад Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн байсан хүн гуйж байна, сонгоод аль” гээд Жeнко боож үхэхээ шахаж, сонгогчид ч эвий хөөрхий гээд бас луйвардуулангаа сонголоо.

Сонгогчдын хамгаалалтаас гадна Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамгаалалтад орж, нэмээд дээрэм хийх ажлаа үргэлжлүүлж Ц.Тувааныг Уул уурхайн сайд болголоо.

ОХУ-ын ФСБ-ын дарамтнаас гарах авралын гарцыг хайх нь Жeнкод өөрт нь өлзийтэйсөн.

-Одоо Оросоос айдаг ч юм уу гэмээр үг чуулган дээр унагах улстөрч цөөнгүй байна...

-Миний гарт Виктор Суворов гэдэг хүний ном байна. Жинхэнэ нэр нь Владимир Богданович Резун. КГБ-д байсан, одоо оргож гараад Англид амьдарч байгаа. Тэр хүн КГБ рүү орж болно, харин гарч чадахгүй, гарах гарц нь яндан, авс хоёр гэж бичсэн байна. Тийм юм руу Монгол хүн цувраад л 1, 2-оороо орох гээд оочирлож байна. Эхэнд нь Х.Баттулга, АН-аас нэлээн олон болчихлоо, Лу.Гантөмөр гээд дагаж давхиад байгаа нөхдийг тийм хувь заяа тосож яваа. Би мууд дурлаад байгаа биш, жудагтай, хүн чанартай, нүнжигтэй, Монгол хүн бай. Өнөөдөр Цэдэнбал Чойбалсангийн үе биш, Монгол Улс хоёрхон хөрштэй биш, 200 гаруй хөрштэй, 192 оронтой дипломат харилцаатай. Хаанаас ч бензинээ авч болно. Солонгос, Хятадаас авч болно. Ганцхан Оросоос нефть гардаг юм биш. Бодоо, Данзан, Гэндэн, Амар гуайн буруу биш, тэднийг шүүх хуралгүй буудаад алчихсан гэдэг нь ил гарч байна. Энэ бүхнийг дуулгаж мэдүүлэхгүй бол болохгүй учраас манай “Алтан тариа”-гийн П.Цэнгүүн ивээн тэтгээд, би найруулсан “Давтаж болохгүй, мартаж үл болох түүх” нэвтрүүлэг Ютүб дээр тавигдаж байгаа. Манай багийнхан Монгол судлаач эрдэмтэн Сергей Кузьмин, О.Батсайхан доктор нартай Хиагт руу явж Дээд, Доод Шивээд очиж, Маймаа хотын 4 пулёмот зоосон газар, Эвцэг гэж газар очоод Барон Унгерн гамингуудыг Монголоос яаж зайлуулсан тухай нэвтрүүлэг хийгээд ирсэн. Одоо нэмж хоёр түүхчээс яриа аваад олон нийтэд хүргэнэ. Уран бүтээлээс гадна миний зорьж байгаа зорилго Монголчуудын түүхийг зохиомлоор биш бодитоор хүргэж, түүх зохиож та нарыг хуурч хулхидаж байсан гэдгийг таниулна. Одоо дахиад Монголын улс төр дотроос шүд авч байгаа юм шиг түүгээд, яндангаар гаргах аюулд учраад байна гэж сануулаад байгаа юм л даа. Уг нь надад баярлах ёстой.

-Цоодолын Хуланг тагнуул байсан, тагнуул хийсэн л гэх юм...

-Яруу найрагч Хулангийн тухайд боддог, мөн Мөнхбаяр, Санждорж лам байна. Санждорж гэдэг хүнийг шүүмжилдэг, би дургүй, үнэхээр бүтэлгүй нөхөр. Юун ламизм, Буддын филисофи, ёс зүйгүй хүн. Сая Цэнддоо “Хуланг суллая” гэж бичсэн. Маш сайн нийтлэл. Женког 4 жил амьдрах эрхээ сунгалаа гэж байгаа. Х.Баттулга үнэнээ хэлээд монголчуудынхаа хамгаалалтад орчих л доо. Бид хамгаална ш дээ. Гэхдээ тэгэхээсээ ч өнгөрсөн л байх даа…Саяын сонгуулийн хамаг хор хутгуушийг хийсэн хүн Женко.

-Та сонгууль болоогүй байхад сонгуулийн дүн аль хэзээний гарсан, МАН ялсан гэсэн. Үнэн байж, яагаад тэгж хэлсэн юм бэ?

-Үр дүн тодорхой бүгд хуйвалдсан, Хөвсгөлд 8-уулаа явсан. АН-аас ганцхан Баттулга гарсан. Дагаж явсан АН-ын хэд нь золионы ямаа болж байгаа юм. Саналыг нь сап гээд өөр лүүгээ татаад зориуд нэгээр гарах хувилбараа хийж амжсан. Сонгогчид хүн бүр хууртагдаж байгаагаа ухаараагүй цагт хэцүү. Энэ 126 гишүүн чинь сонгогчдын толь, тусгал шүү дээ. Хам хэрэгтэн нь сонгогчид өөрсдөө, сонгогдсон гишүүд ч адилхан. Монголын хүн бүхэнд байх эрх чөлөөг дээрэмдэж байна. Хулан, Мөнхбаяр, Санждорж тагнуул юм бол ТЕГ-ын дарга асан Х.Баатар Ц.Нямдоржийн тухай хэлсэн дээ. Одоо мөн ФСБ-ын зараал Х.Баттулга, энэ хоёрыг давж, тэр гурав тагнуул хийнэ гэж байхгүй. Тийм учраас бодитой хандах хэрэгтэй. Ц.Хуланг эргээд оччих юмсан гэсэн бодол байна.

Юманд бодитой хандахгүй хууртаад явбал Монгол үндэстний үргэлжлэх үнэ цэнэ алга болно. Тархи угаана гэж ярьдаг, угаавал цэвэрлэгдэнэ, харин бохирдуулж, буртаглаж байна. Хүмүүсийнхээ оюун санааг хаячихсан юм билээ, бид. Хүн сүргийн тогтолцоо хэцүү. Гэхдээ зүүнтнүүдийн төгсгөл рүүгээ явж байгаа цаг үе. АНУ, Европод зүүнтнүүд байна. НҮБ тэр аяараа зүүнтнүүд. Ингээд ярихаар НҮБ-ыг шүүмжилдэг хэн бэ гэдэг. Тэр Грета Тунберг гээд Швед охиныг ашиглаж хүн төрөлхтнийг сүрдүүлсэн явдал НҮБ-ын гамшиг. Сайшаалтай нь Аргентин, Венесуэл эхнээсээ ойлгож байна. Манайх Венесуэл шиг болж байж сэргэнэ. Энэ сонгуулийг Оросын ФСБ найруулсан. Женко дэвшихгүй гэж байгаад гэнэт нэр дэвшсэн, дэвшсэнийхээ дараа юу болов. Улс орныг чинь зарах гээд байна аргаа ядаад нэр дэвшлээ гэнэ. Аргаа ядаад гэдэг нь амь авраарай гэсэн үг. МАН-ын жинхэнэ дарга Х.Баттулга, жинхэнэ ерөнхийлөгч Х.Баттулга, хэвээрээ байх юмыг КГБ (ФСБ) хийж байгаа. Манай тогтолцоо хадны дунд хавчуулагдсан тогтолцооноос гарахгүй л бол явахгүй. Худлаа Хятадын, Оросын нэр барина. Манайх 192 оронтой дипломат харилцаатай, хятад нь ч бай, орос нь ч бай манай дотоод хэрэгт бүү оролц, манайх Үндсэн хуультай улс. Тийм учраас эдийн засаг, худалдаа арилжаагаар хүмүүс хоорондоо чөлөөтэй харилцаг, нээлттэй байг, хууль ёс журмыг дээд зэргээр барьж, аль ч гүрэн улс орон АНУ, Япон, Солонгос, Англи, Гeрман… аль нь ч бай, бусад орныхоо эрх ашигт хутгалдахгүй байх тийм зарчмаар явна гэдэг хандлага хэрэгтэй байна. Хойд хөрш, хоёр том улс байхад хэцүү гээд байгаа юм, үгүй ш дээ. Энэ 1990 оны эрх чөлөөний дархлаа устахгүй шүү. Яагаад гэвэл дэлхийд нээлттэй болсон, хаа байсан Венесуэлийн долгион, Курскийн мэдээ бидэнд хэдхэн секундын дотор орж ирж байгаа биз дээ.

Тийм учраас Монгол хүнийг айлгаж, Оросын ч юм уу Хятадын хараат болгоно гэж байхгүй. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Цэдэнбал, Чойбалсан хоёрыг манай мөртлөө хүнийрхүү болсон гэдэг юм. Одоо манай мөртлөө хүнийрхүү болсон хүнийг улс төр лүү хэрхэвч оруулж болохгүй.

Ор хөнжилдөө орсон намуудыг МАНЖАН ХҮН гэвэл зохилтой. Ийм нөхцөлд 2028 он гэхэд монголчуудын тархины гажиг, буртаг арилсан байх учиртай. Төрд өмч төвлөрвөл авлига хэзээ ч арилахгүй. Нээлттэй хувьчлаад, хувийн хэвшил ажлаа явуулахад садаа болохгүй байх хэрэгтэй, татварыг эрс бууруул. Eсөн яамтай байна гэсэн юу болов. Цомхон тогтолцоо руу орохгүй бол явахгүй. Авлигатай тэмцэх нэрээр авлигаа улам цогцлоож байна. Авлигатай тэмцэж ялдаггүй, төрийн өмчийг нээлттэй хувьчилж, төрд өмч төвлөрүүлэхээ больсон цагт авлига өөрөө устана. Түүнээс хэн нэгэн байгууллага, хүн тэмцээд дийлэхгүй, эсрэгээрээ улам өснө. Авлигатай тэмцэж буй даргын сургийг сонсох нь ээ, өөрсдийнх нь амьдрал сайжраад байгаа юм билээ.

-Ярилцсанд баярлалаа. Ч.Өлзийдэлгэр

photo by S.Tsatsralt


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ