alim.mn | 2024.10.19
“Царамхайрхан” компанийн захирлын оруулж ирсэн нянтай “Авастин” тариаг тариулсан хоёр өвчтөн хараагүй болжээ

2017 онд гарсан энэ ноцтой хэрэг удтал дуншсаны эцэст саяхан шийдэгджээ. “Царамхайрхан” компанийн захирал П.Алтангэрэл нь Авастин (Bevacizumab) тариа буюу эмийг Энэтхэг улсаас худалдан авч, гар тээшиндээ хадгалж, 2017 оны 01, 04 дүгээр саруудад импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр оруулж иржээ.

“... Авастин тариа найман ширхэгийг оруулж ирэн гурван эмнэлэгт өгсөн. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 4 ширхэг, “Орбита” эмнэлэгт 4 ширхэг өгсөн боловч "Сондра" эмнэлэгт хэрэг болсон учир “Орбита” -д өгсөн нэг ширхэг тариаг авч өгсөн ...”

Харин нүдний төрөлжсөн “Сондра” эмнэлэг уг тариаг Х.Д, Н.Б гэх хоёр өвчтөнд тарьжээ.  Өвчтөн ийн мэдүүлжээ.

“...2017 онд анх баруун нүдний хараанд өөрчлөлт орж, “Сондра” эмнэлэгт үзүүлэхэд насжилтын шар толбоны сөнөрөл гэсэн оноштой гарсан. Энэ өвчнийг эмчлэх үндсэн эмчилгээ байхгүй. Харин өвчний явцыг тэр хэвэнд байлгах хоёр янзын тариа байснаас Авастинийг сонгож хийлгэсэн. Унтаа, шөнө сэрэхэд баруун нүд юм харахгүй байсан. Тарианаас болж нүдний цөцгий идээлж, хараагүй болсон. Одоо нөгөө нүд хараа муудаж байгаа. Өдөр болгон өвчин намдаагч уудаг. Сэтгэл санаа хэцүү, үхэл л бодогддог. Гэртээ их уйлдаг. Би долоон жил энэ хэргийн араас явж байна...”
“...Сондра эмнэлэгт үзүүлэхэд зүүн нүдэнд торлогийн хагалгаа хийнэ, баруун нүд чинь судасны үрэвсэлтэй байна, лазер хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Цусыг шимэгдүүлдэг тариа болох Авастинийг хийлгэсэн. “Надад хийсэн тариаг “Орбита” эмнэлгээс худалдаж аваад хийчихсэн чинь вирустай байсан байна” гэж хэлсэн. Би энэ тариаг тариулах шаардлагагүй байсан гэж үздэг. Вирустай тариа тариулснаас хойш баруун нүд огт юм харахгүй байгаа. Тариа тариагүй байсан бол миний хараа сэргэх байсан. Ажил хийх боломжгүй болж группт орсон. Гадагшаа эмчилгээ хийлгэе гэсэн ч өнгөрсөн...”

Авастин тариа тариулсан өвчтөнүүдэд хоруу шинж илэрсэн тул тухайн үеийн Нийслэлийн МХГ болон ХӨСҮТ-ийн Халдвар тандалтын албанд ханджээ.  Тандалтын баг эмнэлгээр явж тариаг хурааж авсан. Шинжилгээгээр уг тариа нь нянтай гэж гарчээ.

“... Н0155В06 цувралын дугаартай Bevacizumab injection avastin 100 mg/4ml тарилгын эм нь химийн шинжилгээгээр Ароматик гидрокарбон бүлгийн таних урвал өгч, бактериологийн шинжилгээгээр Micrococcus luteus илэрсэн ...”
“... Нэр бүхий өвчтөнгүүдийн  Авастин тарианаас үүдэлтэй шилэнцэрийн хөндийн идээт үрэвсэл нь бүрэн эмчлэгдсэн боловч цаашид нүдний хараа сэргэхгүй болно...”

Харин шүүгдэгч дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

“... Задлаад 2-3 хоносон үлдэгдлээс шинжилгээ хийсэн тул дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй...”

Гэсэн ч шүүх түүнийг эм импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэм буруутайд тооцжээ. Мөн хэдийгээр хэрэг учрал дамжмал байдлаар бусдын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй боловч “Сондра” эмнэлэг болзошгүй эрсдлээс сэргийлэх буюу эм зүйч ажиллуулж, түүгээр эмийн чанар, аюулгүй байдлыг баталгаажуулж, байгаа баримт бичгийг зохих ёсоор шалгуулах, хүлээн авсныг баримтжуулах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээр хохирогч нарт хохирол, хор уршиг учрах үйл баримтад иргэний эрх зүйн хариуцлага хүлээх ёстой гэжээ. Ингээд шүүх “Царамхайрхан” компанийг 23 сая төгрөгөөр торгожээ. Хохирогч Х.Д-д “Царамхайрхан” компаниас 7,5 сая, “Сондра”-гаас 7,5 сая төгрөг мөн хохирогч Н.Б-д “Царамхайрхан”-аас 7,8 сая, “Сондра”-гаас 7,8 сая төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ